БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ

Өнгөрсөн долдугаар сард Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар З.Балдандугарыг томилсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдсон даруйдаа эмнэлгийн эмч, ажилчдыг “Харъяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх” шалтгаанаар ажлаас нь халсан гэх хэл, аманд орж байв.

Мөн иргэдийн амралт зугаалгын үеэр буюу долдугаар сарын 10-нд түүнийг уг албан тушаалд томилсныг эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж байсан. 

З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар өмнө нь ажиллаж байсан юм. Түүнийг томилогдсон даруйд 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын 6-р тойрогт  МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай цуг нэр дэвшсэн, түүний гарын хүн гэгдэх мэдээлэл ч цацагдаж байсан юм.

Ямартай ч, тэрбээр МАН-аас Баянгол дүүрэгт удаа дараа хүч үзээд өвдөг шороодож байсан билээ.

Тэгвэл түүнтэй холбоотой мэдээлэл тасрахгүй үргэлжилсээр байна. Тодруулбал, оны өмнөхөн З.Балдандугар нь 80 сая төгрөгийн урамшуулал авах ажилчдын нэрсэд өөрийгөө багтааж, шагнажээ. 

Тэрбээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  “Байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч ажилчдад 80.460.000 /наян сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг зохих журмын дагуу бодож олгохыг ахлах нягтлан бодогч /Б.Ховор-Эрдэнэ/-д зөвшөөрсүгэй” гэх өөрийн гарын үсэг бүхий тушаалыг гаргасан байна.

Ингээд уг тушаалынхаа дагуу өөрийгөө сайн ажилласан хэмээн дүгнэж 500.000 /таван зуун мянган төгрөг/-өөр шагнасан байна.

Харин х эмч, эмнэлгийн ажилчдыг 300.000 болон 250.000 мянган төгрөгөөр тус, тус шагнажээ.

Өөрийгөө өндөр дүнээр шагнаж ажилчдаа бага мөнгөөр шагнадаг тус даргын ёс зүйгүй үйлдлийг олон нийт ихээхэн шүүмжилж байна.