Нийтийн тээврийн хэрэгслүүдийг ариутгал, цэвэрлэгээнд хамруулж эхэллээ

Нийтийн тээврийн хэрэгслүүдийг ариутгал, цэвэрлэгээнд хамруулж эхэллээ

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалалтыг  нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгжээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сутайн буянт ХХК, ЭмСИД ХХК, Автотерминал ХХК, Тэнүүн Огоо ХХК, Эс Энд Эй ХХК зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд амралтын өдрүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэлээ.

Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлжээ.

Энэ сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА-д үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс