И-Март, Бөмбөгөр зэрэг захуудын "Хүргэлтийн үйлчилгээ"-ний эрэлт нэмэгджээ

И-Март, Бөмбөгөр зэрэг захуудын "Хүргэлтийн үйлчилгээ"-ний эрэлт нэмэгджээ

БНХАУ-д арванхоёрдугаар сарын сүүлээр эхэлж дэгдсэн шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 маш хурдацтайгаар тархаж дэлхий дахиныг айдаст автуулаад буй. Манай улс БНХАУ-ын хөрш орны хувьд “өндөр эрсдэл”-тэй орны тоонд хэдийн багтсан. Тиймээс ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоон, зарим байгууллага, худалдаа үйлчилгээний ажиллах цагт хяналт тависан. Мөн уг аюулт вирусийн халдвар агаар дуслын замаар голчлон халддаг тул иргэдийг олон нийтийн газраар явалгүй, хэсэг хугацаанд хөл хорионд байхыг холбогдох байгууллагууд анхааруулж буй юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан хүргэлтийн үйлчилгээний ачаалал ихсээд байна. Иргэд болон албан байгууллагууд олон нийт ихээр төвлөрсөн газар очиж халдварын эрсдэлийг нэмэгдүүлэлгүй өөрийн хэрэгцээт бараа үйлчилгээгээ онлайнаар захиалан авах нь ихэсчээ. Манай улсын хувьд хүргэлтийн үйлчилгээ тэр бүр төгс хөгжөөгүй. Хэрэглэгчдийн хувьд ч энэ талаар мэдлэг, туршлага дутмаг. Харин энэ цаг үед гэр ахуйн бараа, хоол хүнс цаашлаад эмийн худалдааг ч хүргэлтийн үйлчилгээ ашиглан авах боломжтой болж байна.

Хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрүүдийн нэг бол яах аргагүй E mart юм. Тэгвэл тус дэлгүүр хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлээд тодорхой хугацаа өнгөрсөн ч хүмүүс төдийлэн сайн үйлчлүүлж хэвшээгүй аж. Харин халдварт өвчинтэй холбогдуулан мөн хүмүүсийн хүсэлтийг харгалзан хоёрдугаар сарыг дуустал хүргэлтийн үйлчилгээгээ үнэгүй болгожээ. Үүнээс гадна “Good price” супермаркетын хүргэлтийн үйлчилгээг хүмүүс бие биедээ санал болгож байна.

Хоол хүнс, гэр ахуйн бараанаас гадна эм, гоо сайхны барааны үйлчилгээг emonos.mn сайтад нэвтрэн хурдан, шуурхай байдлаар хүлээн авах боломжтой юм.

Мөн хүмүүсийн өргөнөөр үйлчлүүлж буй өөр нэгэн хүргэлтийн үйлчилгээ нь номын захиалга болж байна. Гэртээ байх шаардлагатай энэ хугацаанд оюундаа хөрөнгө оруулалт хийх нь мэдээж ухаалаг сонголт билээ.

Уг вирусийн халдвартай холбоотойгоор “Бөмбөгөр” худалдааны төв ч мөн хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлжээ.

Үүний талаар тодруулахаар бид “Бөмбөгөр” худалдааны төвийн хүргэлтийн албаны ажилтан Б.Батгэрэлтэй холбогдоход “Бид энэ хоёр сараас эхлэн уг үйлчилгээг авч эхэлсэн. Хүмүүс ихэнхдээ гэр ахуйн барааг хүргүүлэн авч байна. Гэхдээ хэрэглэгчдэд манай хүргэлтийн үйлчилгээ төдийлэн сайн хоногшоогүй учраас захиалга хэт ачаалалтай байгаа зүйл алга. Хэрэглэгчид удахгүй уг үйлчилгээний давуу талыг мэдэж, үйлчлүүлэх нь ихсэх байх” гэсэн хариуг өгсөн юм.

Хэрэглэгчид бид хүргэлтийн үйлчилгээг зөвхөн коронавирустэй холбоотойгоор ойлгож, ашиглах нь учир дутагдалтай. Цаашлаад хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлж чадвал хотын төвлөрлийг багасгах, үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх мөн хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх гээд олон давуу тал бий болох юм.

Н.АНУ




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө