Талийгаач Б архи уудаггүй байсан ба Засаг дарга В.Рэнцэндорж түүнийг ажлаа өгөхийг шаардаж байж

Талийгаач Б архи уудаггүй байсан ба Засаг дарга В.Рэнцэндорж түүнийг ажлаа өгөхийг шаардаж байж

Өчигдөр үүрийн /2020.02.19/ 04.20 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст дуудлага иржээ. Дуудлагыг хэн өгсөн нь одоогоор тодорхойгүй ч “Иргэн машиндаа нас барсан байна” гэж мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн болон ахлах мөрдөгчдын бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллахад 30 настай эмэгтэй Б гэгч амиа алдсан байсан нь тогтоогдсон.

Талийгаач Б нь Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга ажилтай бөгөөд хэрэг гардаг өдөр Засаг дарга В.Рэнцэндоржийн дуудсаны дагуу Засаг даргын тамгын газрын байранд, албан өрөөнд нь шөнийн  21.00 цагт ирсэн гэж буй.  

Цаашилбал, талийгаач 23.00 цагт Засаг даргын өрөөнөөс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хамт ажилладаг мэргэжилтнийхээ хамтаар гарсан.

Ингээд гэртээ очиход цоожтой байсан учир асаалттай машиндаа суугаад үлдсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад буй. Мөн Засаг дарга В.Рэнцэндорж, орлогч дарга Я.Эрхэмбаяр болон Тамгын газрын дарга н.Отгонбаяр нар талийгаачийг дуудаж архи уусан. Архи ууж согтоосныхаа дараа талийгаачийг үүрч машинд нь суулгаж байхыг харсан хүн бий гэх зэрэг мэдээлэл гарсан юм. Үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл хөвөрч буй ч бид бодитой мэдээллийг хүргэхээр тал, талын эх сурвалжаас уг хэргийн талаар тодрууллаа.

-ТАЛИЙГААЧ Б НЬ АРХИ УУДАГГҮЙ БӨГӨӨД КЕТО
ДЭГЛЭМ БАРЬЖ БАЙСАН-

Юуны түрүүнд талийгаач Б гэж хэн байсан бэ гэх асуултад хариулт өгье. Талийгаач Б нь 2012 онд МУИС-ийн социологийн ангийг Гэр бүл судлаач-социологич мэргэжлээр төгссөн. 2010-2014 онд СУИС-ийн Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн.  Энэ жил 30 настай, хоёр хүү нөхрийн хамтаар өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдардаг байжээ. Тэрбээр, сурагч  байх үеэсээ аймгийнхаа  FM радиод хөтлөгч, 2008 оноос ТВ8, ITV телевизид хөтлөгч, Хөвсгөлийн төв телевизийн захирлаар ажиллаж байжээ.

Дунд сургуулийн сурагч ахуйгаасаа шүлэг зохиол бичдэг болж Уран жиргээ, Хүрэл тулга зэрэг шүлэг, яруу найргийн тэмцээнд тогтмол оролцдог байжээ. Түүний бичсэн шүлгийн эмхтгэл ч байдаг байна. Оюутан үедээ олон судалгааг удирдан, гар бие оролцож, төсөл хөтөлбөрүүдийг манлайлан оролцсон туршлага, мэдлэг нь 2016 оны сонгуулийн үед МАН-ын судалгааг хариуцан хийхэд хүргэжээ. Ингээд үр дүнтэй ажилласан учир түүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр 2016 онд буюу 26 настайд нь Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын даргаар томилсон байна.

Талийгаач Б нь Говь-Алтай аймагт анхны кофе шопыг нээж байжээ. Мөн тус аймагт Хүүхдийн ордныг байгуулж, тохижуулж хүүхэд хөгжих төвтэй болгож өгчээ. Цаашилбал, Мазаалай гэх театрыг ашиглалтад оруулж, хүүхдийн жүжгийн гурван зохиолыг өөрөө бичиж амжилттай тоглуулж чадсан байна. Мөн Говь-Алтай аймгийн залуучуудын суурь судалгааг хийсэн нь Монголд залуучуудыг судалсан анхны судалгаа болсон байна.

Талийгаачийг таньдаг хүмүүсийн бидэнд өгсөн мэдээллээр тэрбээр архи уудаггүй байсан. Сүүлийн зургаан сард кето дэглэм барьж, 25 кг илүүдэл жингээ хаясан байна. Мөн турж буй туршлагаа фэйсбүүк дэх группээрээ дамжуулан бусадтай хуваалцдаг байжээ. Түнийг архи уудаггүй байсан гэлээ. Харин түүний дотны найз Н өөрийн цахим хуудаснаа талийгаач Б-д Засаг дарга нь дургүй байсан хэмээн бичжээ.

Тэрбээр “Засаг дарга өөрт нь дургүй учраас л очсон болов уу. Өмнө нь хэд, хэдэн удаа доголонгийн газар доголон, сохрын газар сохор байж энэ улстөржилтийг бага ч болтугай арилгаж хүмүүсийг нэгтгэж чадна гэж надад ярьдаг байсан. Мөрөөдөлгүй байсан бол энэ их улстөржилт дунд зовж ажиллахгүй байсан. Гэхдээ давж гарна, амархан зүйл хэзээ ч үгүй, хэцүүг давж амжилтад хүрнэ гэж надад ярьдаг байсан” гэжээ.

Ямартай ч уг хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн нэр холбогдсон бөгөөд түүнийг ажлын байран дээрээ бусдын хамтаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгдсэн билээ.

-ЦЕГ: ЗАСАГ ДАРГААЖЛЫН БАЙРАНДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН-

Уг хэргийн талаар өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өгсөн. Тэрбээр “Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б нь ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээний баг томилогдон ажиллаж байна.

Хөл, хорио тогтоосон энэ үед бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурсан нь шалгалтаар тогтоогдвол цагдаагийн байгууллага тухайн эрх бүхий субьектэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Гэрчүүдээс байцаалтыг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутайн асуудал ярихад эрт байна. Уг хэрэгт холбогдуулан хэн нэгнийг хорьж шалгаагүй” гэсэн билээ. Тэгвэл уг хэрэгт холбогдуулан Аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр болон бусад хүмүүсээс мэдүүлэг авч байгаа хэмээн албан бус  эх сурвалжууд мэдээлж байна.

-ХЭРЭГ ГАРДАГ ӨДӨР ЮУ БОЛОВ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг дарга В.Рэнцэндорж талийгаачийг ажлаа өг хэмээн сүүлийн үед дарамталж байсан гэх. Хэрэг гардаг өдөр 21.00 цагийн үед В.Рэнцэндоржийн өрөөнд орж, 23.00 цагийн үед гарсан байна. Тэр өдөр Засаг дарга төрсөн өдөр болон нэгнийхээ албан тушаалд томилогдсоныг тэмдэглэсэн байх магадлалтай байна. Шөнө дуудаж архи уусан байх бөгөөд талийгаач тэднээс салж машиндаа ОРСОН Ч өглөө нас барсан байдалтай олдсон гэж байгаа юм. Хоёр цагийн хугацаанд талийгаачид юу тохиолдсоныг цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байна.

-ТАЛИЙГААЧИЙГ АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДСАН БАРИМТУУД
ИЛ БОЛОВ-

Говь Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нь талийгаачийг ажлаас нь чөлөөлж өгөхийг хүсч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт бичиг илгээж байсан баримт олон нийтэд ил болов. Мөн түүнийг цалингийн 20 хувиар торгож байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 6-ны өдөр Засаг дарга нарыг Улаанбаатарт дуудаж үр дүнгийн гэрээ хийх үеэр В.Рэнцэндорж талийгаач Б –д хариуцлага тооцож өгөхийг өөрөөр хэлбэл ажлаас нь чөлөөлөхийг хүссэн саналаа бариад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Халиунтай уулзжээ.

Б.Халиун дарга тухайн үед уг саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд Б нь манай тэргүүний шилдэг ажилтан хэмээн В.Рэнцэндоржид хэлсэн байна. Мөн үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын 26-ны өдөр В.Рэнцэндорж нь талийгаач Б-г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг зөрчсөн хэмээн буруутгаж гурван сарын хугацаанд цалинг нь  20 хувиар  бууруулах захирамж гаргаж байжээ. Үүнээс үзвэл талийгаачийн ээж болон найз нөхөддөө хэлж байсан Засаг даргын дарамтын тухай яриа үнэний ортой байж болзошгүй байна.

-ГБХЗХГ: ТАЛИЙГААЧ Б НЬ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭРЭЭ УЛСДАА ХОЁРДУГААРТ ЖАГССАН АМЖИЛТТАЙ БАЙСАН-

Бид Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунтай холбогдож уг харамсалтай хэргийн талаар тодруулсан юм.

-Таны удирддаг байгууллагын ажилтан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Гүн эмгэнэл илэрхийлье?

-Маш харамсалтай байна. Үнэхээр хэцүү байна.

-Талийгаач ажлаа хэр сайн хийж гүйцэтгэдэг байв?

-Үнэхээр хүүхдийн байгууллагад ажиллах ёстой, зайлшгүй байх ёстой мэргэжилтэн байсан. Маш идэвх, зүтгэлтэй ажлыг хийнэ л гэсэн бол хана байсан ч цөмлөөд ард нь гардаг дайчин үнэхээр гайхалтай ажилтан минь байсан. Ажлын үр дүнгээрээ улсад хоёрдугаар байрт орсон шүү дээ. Түүн шиг бүх сумаа тойрч сургалт хийсэн мэргэжилтэн одоогоор алга. Аливаа ажлыг үнэхээр сэтгэлээсээ хийдэг, сайн удирдагч байсан. Мөн Говь-Алтайд “Хүүхэд залуучуудын ордон”-г бий болгосон, Мазаалай театрыг байгуулсан. Өөрөө хүүхдийн жүжгийн зохиол бичиж, тоглуулсан. Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр маш олон шинэлэг ажлыг хийсэн шүү дээ. Үнэхээр үг хэлэхэд ч хэцүү байна.

-Хувь хүнийхээ хувьд ямар зан, ааштай бүсгүй байсныг та дурсвал?

-Хөөрхөн инээсэн, эелдэг, хүний үгийг маш сайн сонсдог, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэдэн шат ахиулж биелүүлдэг, өөрөө санаачилж ажил хийдэг үнэхээр гайхалтай бүсгүй байсан. Гайхалтай гэх тодорхойлолт л түүнд тохирно. Говь-Алтайд маш их ажил хийсэн.

-В.РЭНЦЭНДОРЖ НЬ МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ОЙРЫН ХҮН ГЭГДДЭГ-

Удирдлагуудынхаа  улс төржилт, авлига, хэнээрхэл, ажилгүй байдлаасаа болж Говь-Алтай аймаг нь өрсөлдөх чадварын үнэлгээгээрээ жил бүр сүүл мушгидаг. Хамгийн хөгжил муутай гэж дүгнэж ч болно.

В.Рэнцэндорж нь өнгөрсөн оны зургадугаар сарын 17-ны өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.  Түүнээс өмнө буюу 2016-2019 онд С.Гансэлэм тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан Говь-Алтай Засаг даргын тамгын газрыг бужигнуулж С.Гансэлэмийг чөлөөлж , өөрийн гар хөл гэгддэг В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилуулсныг хүн бүр мэднэ. Тэрбээр С.Гансэлэмийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүн гэж гоочилж явуулсныхаа дараа өөрийн хүнээ тавьсан нь В.Рэнцэндорж байсан юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2020 оны сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшихээр бэлтгэж буй. Бэлтгэлээ эртнээс эхэлж өнгөрсөн намар аймгийнхаа бүх сумдаар тойрч иргэд , сонгогчидтой уулзаж гарын бэлэг тараасан байдаг. Уг уулзалтад аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж хамт явсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

-УЛС ОРОН ДАЯАР ХӨЛ, ХОРИО ТОГТООСОН ҮЕД АРХИДАН СОГТУУРСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ В.РЭНЦЭНДОРЖ НЬ ЗОДООНЫ ХЭРГЭЭР ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ АВЧ БАЙЖЭЭ-

Одоогоос дөрвөн жилийн өмнө Говь-Алтай аймгийн МАН-ын залуус  зодолдож багагүй шуугиан тарьж байсан. Тодруулбал аймгийн МАН-ын хорооны гишүүд болох В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар 2016 оны нэгдүгээр сарын 30-нд Алтай хотын “Залуур Алтай” бааранд архидан согтуурч улмаар танхайран намынхаа нөхдийг зодож хүндээр гэмтээсэн байдаг.

Үүнээс өмнө В.Рэнцэндорж, В.Сүррагчаатай хамт танхайн хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан бөгөөд Өршөөлийн хуулиар өршөөгдөж байсан хэмээн хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.

Ямартай ч улс орон даяар хөл, хорио тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байхад шийдвэрийг шууд хэрэгжүүлэх үүрэгтэй аймгийн Засаг дарга нь ажлын байрандаа бүлэг, бөөгнөрөл үүсгэж архидсан нь хариуцлага хүлээх хэмжээний ноцтой үйлдэл мөн билээ. Бид уг асуудлаар В.Рэнцэндоржоос тодруулахаар холбогдсон ч утас нь салсан байлаа. Хэргийн талаарх мэдээллийг шалгаж буй учир Цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна.

Т.ХУЛАН