Ц.Анхзул: Талийгаач Б нь В.Рэнцэндорж даргын өрөөнөөс алхаад гарсан гэдэг нь худал болж таарсан

Ц.Анхзул: Талийгаач Б нь В.Рэнцэндорж даргын өрөөнөөс алхаад гарсан гэдэг нь худал болж таарсан

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тус аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж болон нэр бүхий албан тушаалтнууд холбогдон шалгагдаж байна.

Уг хэргийн мөрөөр Зариг.мн /www.zarig.mn/ сайтын сэтгүүлч Ц.Анхзул Говь-Алтай аймагт ажилласан. Хэргийн газарт ажиллаж, сурвалжилга хийсэн сэтгүүлч Ц.Анхзулыг Улаанбаатар хотод дөнгөж ирээд байхад нь бид ярилцлагын зочноор урьж, бодит нөхцөл байдал ямар байсан талаар ярилцлаа.

-ТӨСӨӨЛӨХИЙН АРГАГҮЙ ХҮНД, ХЭЦҮҮ ОРЧИН НӨХЦӨЛ УГТАНА
ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАН-

-Хол яваад ирсэн хүнээс үг сонсдог уламжлал бий. Энэ дагуу бид тантай уулзаж, ярилцаж байна. Та сайн явж ирсэн үү?

-Сайн явж ирлээ.

-Говь-Алтай аймагт уг хэрэг гарсан талаарх мэдээллийг та анх хэзээ мэдсэн бэ. Тус аймаг руу сурвалжилга бэлтгэхээр Улаанбаатараас хөдлөхдөө сэтгэл дотроо ямар зорилго өвөртөлж гарав?

-Заригт мэдээлэл өгдөг эх сурвалжуудын ихэнх нь иргэд байдаг. Үүний нэгэн адилаар энэ сарын 19-ны өдрийн 10.00 цагийн орчимд манай редакцийн утас руу нэгэн иргэн холбогдож уг хэргийн талаар анх мэдээлэл өгсөн. Тус иргэн нь “Говь-Алтай аймгаас холбогдож байна. Манай аймагт ийм айхтар хэрэг гарлаа” гэж хэлсэн. Мэдээллийн дагуу бид холбогдох эх сурвалжуудаасаа тодруулахаар ажилласан. Цагдаагийн байгууллагаас хамгийн эхэнд тодруулахад “Хүн амь насаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан” гэсэн. Яг энэ үйл явдлаас нэг цагийн дараа Цагдаагийн Ерөнхий газраас уг хэргийн талаар мэдээлэл хийхээр болсон. Ингээд л тус хэрэг гарсныг баттай мэдсэн учраас газар дээрээс нь очиж бодит байдлыг сурвалжлах ёстой гэж шийдээд Говь-Алтайг зорьсон. Мэдээж шалтгаан бий. Иргэн амиа алдсан хэрэг бүр дээр сэтгүүлчид очдоггүй.

Харин энэ үед явсан гол шалтгаан нь шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж улс даяар хөл, хорио тогтоох Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын шийдвэр гарсан байхад Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын байранд нэр бүхий томоохон албан тушаалтнууд бүлэг, бөөгнөрөл үүсгэж архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүйтэй холбоотой. Тэднийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн шүү дээ. Хамгийн ноцтой нь албан тушаалтнуудыг архидан, согтуурах үед хамт байсан хүн амь насаа алдсан нь хариуцлага алдсан үйлдэл байх магадлалтай учраас заавал явж сурвалжлах шаардлагатай юм байна гэсэн редакцийн шийдвэр гарсан. Явахдаа “За явъя” гээд л яваагүй. Гэртээ очиж зузаан хувцас болон бусад зүйлсээ бэлдсэн. Ингэж явсаар оройны 18.00 цагийн үед Улаанбаатараас гарч шөнөжин давхиад өглөө 06.00 цагт Говь-Алтай аймагт очсон. Очсон даруйгаасаа хойш буюу энэ сарын 20-ны өглөөний 07.30 цагаас эхлээд оройны 19.00 цаг хүртэл сурвалжлагаа хийгээд ирлээ.

-Та Улаанбаатараас гарахдаа ямар төсөөлөлтэй явсан бэ. Таныг очиход орон нутагт нөхцөл байдал ямар байв?

-Ийм чиг шугамыг барьж ажиллана, энэ өнцгийг хадгална шүү, хэн нэгнийг буруутгана, тэднийг согтуу байсныг илчилнэ зэрэг төсөөллийн алиных нь ч талаар би бодоогүй. Зүгээр л бодит байдлыг харуулах ёстой юм байна. Магадгүй уг хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудын архи уусан асуудал дарагдчих вий л гэж бодсон. Бид нар очиж сурвалжилбал уг асуудал дарагдахаас нь сэргийлж магадгүй юм. Ямартай ч бодит байдлыг сурвалжлах ёстой гэдэг зорилготой байсан. Мэдээж хоёр нялх хүүхдийн ээж нас барсан учраас ар гэрийнхэн нь хүнд нөхцөл байдалд байгааг мэдэж байсан. Төсөөлөхийн аргагүй хүнд, хэцүү орчин нөхцөл угтана гэдгийг мөн мэдэж байсан. Бид талийгаачийн ар гэрийнхнээс ярилцлага авахыг зориогүй. Хүнээ алдсан, сэтгэл санаа нь хямралтай байхад ярилцлага авах нь гол зорилго байгаагүй. Тухайн хүмүүс “Бид нар яръя” гэвэл яриулна гэж бодож байсан.

Харин албан тушаалтнууд ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг л тодруулах нь гол зорилго байсан. Энэ ч утгаараа сурвалжилгаа Засаг даргын тамгын газрын байрнаас эхлүүлсэн. Засаг даргатай уулзахаас гадна хэрэг гарах өдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн гэх орлогч дарга Я.Эрхэмбаяр нь хоёрдугаар сарын 18-ны өдөр төрсөн үү гэдгийг яг баттай  болгохыг зорьсон. Мөн Засаг даргын тамгын газрын даргаар томилогдсон Д.Отгонбаяр нь тамгаа хүлээж авсны баяраа тэмдэглэж архи уусан гэх мэдээлэл байсан. Тийм учраас В.Рэнцэндорж, Я.Эрхэмбаяр, Д.Отгонбаяр гэх хүнтэй хамгийн эхэнд уулзана гэж зорьсноороо уулзсан.

-В.Рэнцэндорж, Я.Эрхэмбаяр, Д.Отгонбаяр нар дарга, ажилчнаас гадна хувийн харилцаатай юм болов уу. Энэ талаар таньд мэдсэн зүйл бий юу?

-Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Я.Эрхэмбаяр нар нь худ ургийн холбоотой гэж би сонссон.

-Таныг Говь-Алтай аймагт очиход хүмүүс уг хэргийн талаар юу гэж ярьж байв?

-Аймаг даяараа, хүн бүр ярьж байсан. Цайны газарт цай уух зуур нөгөө ширээний хүмүүс хүртэл ярих жишээний. Хүн бүр сэтгэл зовж ярьж байгаа нь анзаарагдсан. Гэхдээ хүмүүсийн ярьсан яриа баримт биш учраас ач холбогдол өгөөгүй.

-Хэм, хэмжээнээс давсан асуулт асууж байгаад минь уучлаарай. Газар дээр нь ажилласан сэтгүүлчийн хувьд “Тэр буруутай л юм биш үү” гэх ойлголтыг авсан уу?

-Эцсийн дүгнэлтийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага гаргана. Сэтгүүлч тийм эрхтэй хүн биш шүү дээ. Харин би сэтгүүлчийнхээ хувиар ажиллаж хоёр асуудлыг баттай болгож чадсан.

-Тодруулбал?

-Хоёр албан тушаалтан надад худал мэдээлэл өгснийг илчилсэн. Эхний албан тушаалтан нь аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж. Өглөө намайг 10.00 цагийн үед Засаг даргын тамгын газрын байранд очиход Засаг дарга В.Рэнцэндорж “Та бүхнийг ирсэн гэдгийг мэдсэн. Манай дөрвөн албан тушаалтан яг одоо хэвлэлийн хурал хийх гэж байна. Уг хэвлэлийн хурлыг ганцхан танайх авах юм байна. Манай орон нутгийн сэтгүүлчид холбогдох хүмүүсээс нь яриагаа авчихсан юм байна” гэж хэлсэн. Би 30 орчим минут хүлээсэн. Хэн нь ч гарч ирээгүй.

Үргэлжлүүлэн хүлээхийг хүсээгүй учраас холбогдох албан тушаалтнуудынх нь өрөөгөөр яваад яриагаа авахаар хөдлөх үед тэр хүмүүс мэдэж байсан юм шиг өөд, өөдөөсөө гарч ирсэн. Эхлээд дөрвөн албан тушаалтан хэвлэлийн хурал хийнэ гэж хэлсэн ч эцэстээ В.Рэнцэндорж дарга ганцаараа мэдээлэл өгөхөөр болсон. Тэрбээр мэдээлэл өгөхдөө “Хэрэг гардаг өдөр Онцгой байдлын комиссын хурал болсон. Хурал 20.30 минутын орчимд тарсан. Ингээд 21.00 цагийн үед талийгаач Б надтай уулзахаар миний өрөөнд орж ирсэн. Архи, дарс огт хэрэглээгүй. Надтай нэг цаг орчим уулзаад миний өрөөнөөс алхаад гараад явсан” гэж надад хэлсэн. Анзаарвал бүр “Алхаад гараад явсан” гэсэн байгаа биз. Гэтэл түүний энэ яриа няцаагддаг.

-В.РЭНЦЭНДОРЖ БОЛОН Д.ОТГОНБАЯР НАР ХУДЛАА ЯРЬСНЫГ
БИ ОЛЖ МЭДЭЭЛСЭН-

-В.Рэнцэндорж даргын худал ярьсан нь гэрчийн яриагаар няцаагдсан байсан. Тийм үү?

-Тийм. Засаг даргын тамгын газрын байранд дөрвөн жижүүр ээлжилж ажилладаг юм байна. Талийгаач нас бардаг өдөр буюу 18-19 нд шилжих шөнө иргэн Д жижүүрээр ажилласан. Иргэн Д-тэй би хоёр удаа уулзсан. Эхний уулзалтын үеэр буюу энэ сарын 20-ны өдрийн 11.00 цагийн орчимд “Би огт мэдээлэл өгөхгүй. Цагдаад мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын явцад мэдээлэл задруулахгүй байх үүргийг хүлээсэн” гэж хэлээд юу ч яриагүй. Ингэж хэлээд салсан хүн өдөр 13.00 цагийн үед өөрөө надтай холбогдож “Хоёр нялх хүүхэд үлдэж байгаа юм байна. Эцэг, эх нь харуусал дүүрэн байна. Тийм учраас би хэлэх ёстой юм байна” гээд уулзах хүсэлт тавьсан.

Тэрбээр Говь-Алтай аймгийн төвөөс зайдуу гарч ярилцлага өгөхийг хүссэн учраас бид нэлээн хол явж ярилцсан. Тэрбээр энэ үеэр “Энэ сарын 18-ны өдөр Онцгой комиссын хурал хуралдсан. Хуралд суусан ихэнх хүмүүс 20.30 цагийн үед гараад явсан. Хэн, хэн Засаг даргын тамгын газрын байранд үлдсэнийг би мэдэхгүй байна. Шөнийн 00.20 цагийн орчимд эмэгтэй хүн үүрсэн эрэгтэй хүн гараад явсан. Тэдний араас В.Рэнцэндорж даргын туслах Энхболд дагаж гарсан. Үүрүүлсэн хүн хэн байсныг нь  мэдээгүй. Энхболд даргыг буцаж орж ирэхээр нь “Энэ хэн байсан бэ” гэж асуухад “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нь согтчихсон. Ажлынх нь газрын хүнийг дуудаад үүрүүлээд явуулсан” гэж надад хэлсэн. Үүнийг би хэлэх ёстой юм байна. Хэрвээ хэлэхгүй бол намайг В.Рэнцэндорж даргаас мөнгө авчихаад асуудлыг нуугаад байна гэж хүмүүс яриад байгаа юм байна. Би мөнгө аваагүй” гэж ярьсан. Үүнээс үзвэл В.Рэнцэндорж даргын “Талийгаач Б нь миний өрөөнөөс алхаад гараад явсан” гэж ярьсан нь худал болж таарсан. Ямар учраас худлаа ярьсныг нь би мэдэхгүй байна.

-Хоёр дахь худлаа нь юу байв?

-Тухайн өдөр тамгаа хүлээж аваад баяр тэмдэглэсэн Д.Отгонбаяр гэдэг даргатай би уулзсан. Тэр хүн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон юм байна. Би Д.Отгонбаяр даргатай уулзаад “Та тухайн өдөр тамгаа хүлээж аваад баяраа тэмдэглэсэн юм байна. Тийм үү” гэж асуухад “Тамгын газрын даргаар намайг томилох асуудал огт яригдаагүй. Би тамгыг хүлээж аваагүй. Тамгын газрын даргаар томилогдоогүй, тамга хүлээж аваагүй учраас баяр тэмдэглэх шаардлагагүй. Би хурал дуусгаад гараад явсан. Архи уугаагүй” гэж хариулсан.

Д.Отгонбаяр даргатай ярилцаж дууссаны дараа надтай нэг эх сурвалж холбогдож мэдээлэл өгсөн. Тус эх сурвалж надад хэлэхдээ “Хэрэг гардаг өдөр таван хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг гарч Д.Отгонбаярт тамгыг хүлээлгэж өгсөн. Тамга хүлээлгэж өгсөн зураг нь надад бий. Гэхдээ би энэ зургийг танд одоо өгч болохгүй, эрсдэлд орно. Ингээд 19-ны өглөө талийгаачийг нас барсныг мэдсэн даруйдаа Д.Отгонбаяр дарга “Үүнийгээ ав” гэж хэлээд тамгаа буцаагаад өгчихсөн” гэж хэлсэн. Үүнийг би Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Идэшмаа гэх бүсгүйгээс яриа авч баталгаажуулсан.

Идэшмаа хэлэхдээ “Тухайн өдөр манай байгууллагын хуулийн хэлтсийн дарга Баттайван надад үүрэг өгсөн. Тодруулбал, Д.Отгонбаярыг Тамгын газрын даргаар томилох тушаалын төслийг бэлд. Ажил хүлээлцүүлэх ажлын хэсэгт таван хүнийг багтаа” гэсэн чиглэлийг надад өгсөн. Тийм учраас төслийг бэлдсэн байсан. Гарын үсэг зураагүй төслийг би өгсөн.   Мөн ажлын хэсгийг бэлэн болгосон. Тамга хүлээлцсэн эсэх болон гарын үсэг зурсан эсэхийг би мэдэхгүй байна” гэсэн.

Ингэснээр Д.Отгонбаяр даргын “Намайг тамгын газрын даргад томилох асуудал огт яригдаагүй” гэж хэлсэн нь худал болсон. Тамга хүлээлцсэн эсэхийг мэдэхгүй. Түүнийг нь одоогоор батлах боломжгүй байна. Ямартай ч ажлын хэсэг гарсан, тушаал нь гарсан. В.Рэнцэндорж болон Д.Отгонбаяр дарга худлаа ярьсан. Яагаад худлаа ярив гэдэг асуулттай л үлдлээ.

-Засаг дарга В.Рэнцэндорж “Миний өрөөнд архи уугаагүй” гэж хэлсэн. Гэтэл хуралд оролцсон талийгаач Б яагаад согтчихсон юм бол. Энэ асуултад та хариулт ирсэн үү?

-В.Рэнцэндорж дарга архи уугаагүй юм бол талийгаач Б хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо өрөөнд нь ганцаараа архи уучихсан юм уу. Архи ууж байсныг нь В.Рэнцэндорж яагаад хараагүй юм гээд олон асуулт хөвөрч байна. Талийгаачийг 00.20 цагт үүрүүлж гаргаж явуулчихаад В.Рэнцэндорж дарга туслах Энхболдтойгоо 00.30 минутын орчимд тамгын газрын байрнаасаа гараад явсан гэж жижүүр хэлсэн.

-Тэднийг архи уусныг нь харсан гэрч байгаагүй гэсэн үү?

-Уусныг нь харах боломжгүй юм байна лээ. Тамгын газрын байран дахь камер нэг болон хоёр давхрын коридорыг л харуулна. Харин өрөөнүүдэд камергүй. Тэгэхээр өрөөнд юу болсон талаар хэн ч харах боломжгүй. Тус камерыг хянадаг хоёр л газар байдаг. Нэг нь Засаг даргын тамгын газрын өрөөнд, хоёр дахь нь серверийн өрөөнд л хянадаг. Серверийн өрөөг Бямбаа гэж хүн хариуцдаг. Намайг ажиллах өдөр тэр хүн ээлжгүй байсан. Тамгын газрын даргын хувьд “Бичлэгийг цагдаа эд мөрийн баримтаар хураагаад явсан” гэх тайлбарыг өгөн.

-Засаг дарга В.Рэнцэндорж талийгаач Б-г ажлаа өгөхийг шахаж шаардаж байсан гэх баримтууд олон нийтэд ил болсон. Энэ талаар та мэдээлэл олж мэдсэн үү?

-Талийгаач Б нь ажлаа 97-100 хувьтай дүгнүүлж улсад хоёрдугаарт орсон. Баруун таван аймагт Говь-Алтай ганцаараа Хүүхдийн ордонтой. Энэ бүхэн талийгаач Б-ийн ажлын үр дүн. Энэ талаар В.Рэнцэндорж даргаас асуухад хариулт өгөөгүй.  

-ТОВЧ.МН САЙТЫН СЭТГҮҮЛЧИД АЛБАНЫ  МАШИНААР ГОВЬ-АЛТАЙД
ИРСЭН БАРИМТЫГ БИ НҮДЭЭРЭЭ ХАРСАН-

-Танай сурвалжлах багийг Говь-Алтайд ажиллах үед энд бөөн маргаан дэгдсэн. Тодруулбал, Товч.мн сайтын хоёр сэтгүүлчийг улсын нэр дээр бүртгэлтэй албаны машинаар уг хэргийг сурвалжлахаар Говь-Алтайд очсон гэж та буруутгаж байсан. Энэ талаар яривал?

Товч.мн сайтын хоёр сурвалжлагчийг эрх баригч намын томоохон албан тушаалтан захиалж Говь-Алтай руу явуулсан уу эсвэл ямар зорилготой тэнд очсон зэрэгт бид огт анхаарал хандуулаагүй. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг руу нэвтрэх пост бүр цагдаа, эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Тэд орон нутаг руу орж, гарч буй машин бүрийн дугаарыг нь тэмдэглэхээс гадна жолооч, зорчигчдын овог нэр, регистрийн дугаар, биеийн халууныг тэмдэглэж авч байна. 62-05 УБГ дугаартай Ланд 200 маркын машинаар зорчиж Говь-Алтай руу орж ирсэн хүмүүсийн дунд Товч.мн сайтын дөрвөн ажилтан байсан нь цагдаагийн мэдээнд бичигдсэн байгаа. Төрийн машинтай Говь-Алтай аймагт орж ирсэн хүмүүс аймаг дотор Приүс 30 унаад яваад байгаа юм.

Харин хотоос унаж ирсэн Ланд 200 машинаа хааш нь хийчихэв гээд хайсан чинь Мэдээлэл, харилцаа холбоо сүлжээ компанийн ар талын гражид хийгээд цоожилсон байсан. Тийшээ орсныг нь хүн надад хэлсэн ч би харах боломжгүй байсан юм. Тиймээс би тэнд амьдардаг танилдаа хандаад “Энэ гражнаас 62-05 дугаартай Данд 200 машин гарвал над руу даруйхан холбогдоорой” гэж захиж үлдээгээд өөрөө ажлаа хийсэн.

Ингээд явж байтал нөгөө танил маань холбогдож “Нөгөө машин чинь гражнаас гарчихлаа. Ховд явах зам руу их хурдтай зугатаж байна. Араас нь дагаад гүйцэхгүй байна. Гэхдээ би зураг дарсан” гэж хэлсэн. Тэр машиныг шүүлгэж үзэхэд Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ газрын нэр дээр байдаг юм байна. Ямартай ч албаны машин юм байна. Харин уг машинд Товч.мн сайтын сэтгүүлчид явсан нь постод бичигдсэн тэмдэглэгээнээс батлагдаж байгаа юм.

-Сэтгүүлчдийн тухай мэдээлэл бичсэн тэмдэглэгээг та нүдээрээ харсан уу?

-Нүдээрээ харсан.

-Албаны машинаар ирснийг нь л та бүхэн шүүмжилж байгаа байх. Өөрөөр та нарт үл ойлголцол байхгүй биз дээ?

-Байхгүй. Албаны машинаар ирсэн нь хардлага болон ёс зүйн асуудал хөндөхөд хүргэсэн.

-Талийгаачийн шүүх шинжилгээний хариу хэзээ гарна гэсэн бэ?

-Түүнийг мэдэхгүй байна. Өчигдөр /2020.02.20/ 19.00 цагийн үед задлан шинжилгээнд ороогүй байсан. Өнөөдөр өглөө 06.00 цагт /2020.02.21/ хөдөөлүүлж байгаа.

Ярилцсанд баярлалаа.