Дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болох Монголын ирээдүй ба "ураны хөнөөл" гэж цуурах иргэдийн тэмцэл

Дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болох Монголын ирээдүй ба "ураны хөнөөл" гэж цуурах иргэдийн тэмцэл

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажлаас урагш бус хойш татдаг хүн цөөнгүй. Ийн өгүүлэхийн учир нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол хөшүүрэг болсон томоохон бүтээн байгуулалтуудад саад болж, гацаадаг гэх хүмүүс ард түмний нэр барьж, эх орончийн дүрээр тэмцэл хийсээр өнөөг хүрсэн. Магадгүй энэ нь тэдний амьдрах нэг хэрэгсэл байхыг ч үгүйсгэхгүй. 

-ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХЭРГЭЭР ЭРҮҮГИЙН ЯЛ ШИЙТГЭГДСЭН Б.ЦЭГМИДИЙН "ХУУЧИРСАН ТЕХНОЛОГИ"-ИЙГ Б.ХӨХӨӨ НАР ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ-

Б.Хөхөө нарын нотлох баримт гэх хоёр толгой, зургаан хөлтэй хурга 2025.01.27

Тэгвэл эдгээр хүмүүсийн нэг хэсэг гэгдэх нэр бүхий иргэд өчигдөр /2025.01.27/ Засгийн газрын ордны баруун талд "Хоёр толгойтой, зургаан хөлтэй хурга" гэх "үзвэр"-ийг дэлгэж, ураныг эсэргүүцэв.

“Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ тэргүүн Б.Хөхөө тэргүүтэй цөөн тооны иргэд "Хоёр толгойтой, зургаан хөлтэй хургыг үзүүлэн болгон авчирсан гэдгээ тодотгоод "Нотлох баримтын эх үүсвэрийг хэлэхгүй. Энэ мэт нотлох баримт бий. Олон улсын байгууллагаар шалгуулахаар төлөвлөж байгаа" хэмээн ярьж, сүрийг үзүүлсэн. Тэдний энэхүү хуучирсан "технологи"-ийг олон нийт тоож сонирхсонгүй.

-УРАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧ Б.ЦЭГМИД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХЭМЭЭН ЭРҮҮГИЙН ЯЛ ШИЙТГЭГДЖЭЭ-

Хуучин гэхийн учир нь, иргэн Б.Цэгмид нар нь "Уран хортой", "Ураны аюулаас үүдэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал мутацид орж, үхэж байна", "Уранд хордсон малын махыг Улаанбаатарт авчирч зах дээр худалдан борлуулах гэж байна" гэхчлэнгээр урантай холбоотой сөрөг мэдээллийг 15 жил нийгэмд түгээсэн байдаг.

Гэсэн ч эцэстээ Б.Цэгмид нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "худал мэдээлэл тараах" зүйл ангиар буруутгагдаж, шүүхээс эрүүгийн ял шийтгэгджээ.

Түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд "худал мэдээлэл тараасан" гэм буруутай тооцож, нэг сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. Энэ ч утгаараа тэрбээр өдгөө өрнөж буй эсэргүүцлийн тэмцлээс нэрээ татсан байж болзошгүй байгаа юм.

Тэгвэл ураныг эсэргүүцэж "Хоёр толгойтой, зургаан хөлтэй хурга"-ыг нотлох баримт болгон үзүүлсэн нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн эсэх талаарх мэдээлэл одоогоор алга. Үнэхээр тэдний үзүүлсэн "Хоёр толгойтой, зургаан хөлтэй хурга" нь ураны хор хөнөөлөөс үүдсэн бол энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал мөн. Энэ ч утгаараа Тагнуулын байгууллагаас үүнийг шалгах нь дамжиггүй биз. Харин тухайн хурга нь уранд хордсон нь нотлогдохгүй бол тэд мөн Б.Цэгмидийн адил худал мэдээлэл тараасан болж таарна. Магадгүй эдгээр хүмүүс нь Монгол Улсыг аль нэг улсаас хараат байлгах, томоохон мега төслүүдийг гацаах санаа зорилго, амбицтай байхыг ч үгүйсгэхгүй юм. Энэ талаар ч иргэд цахим сүлжээнд хэдийнээ байр сууриа илэрхийлээд эхэлсэн. 

-ДОРНОГОВЬ АЙМАГТ ТӨРСӨН МАЛЫН ГАЖ ТӨРӨЛТИЙГ УРАНААС ШАЛТГААЛСАН ГЭСЭН НОТОЛГОО НЭГ Ч БАЙХГҮЙ-

Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооноос гаргасан судалгаа 2020 он

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2012 оны сүүлчээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд нутаглаж байсан Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн нь ураны хор хөнөөл байж болзошгүй гэх хардлагыг төрүүлсэн. Улмаар Н.Алтанхуягийн Засгийн газраас Ажлын хэсэг гарган судалж, шинжлэхэд "Уранаас болж биш, селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн" гэсэн дүгнэлт гарсан байдаг. 

Үүнээс хойш хэд, хэдэн Ажлын хэсэг гарч, ураны хайгуулын талбайд ойрхон гүний ус болон булгийн ус, хөрсөнд, малчдын мах, сүүнд шинжилгээ хийж, 18 аймаг, нийслэлийг хамруулсан гажиг төлийн судалгааг явуулж байжээ. Ингэхэд ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй байгаа юм.

Товчхондоо,  2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Дорноговь аймагт төрсөн гаж төрөлтийг уранаас шалтгаалсан гэсэн нэг ч нотолгоо байхгүй байна. Гэтэл дээр өгүүлсэнчлэн зарим нэр бүхий иргэд "Ураны хор хөнөөлөөс шалтгаалан мал амьтан мутацид орж, хүн, амьтны эрүүл мэндэд эрсдэл учирч, Монгол Улс сүйрэх нь" гэх утга агуулга бүхий мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж, төр засгийн шийдвэрт чөдөр тушаа болсоор өнөөг хүрсэн нь нууц биш. Гэхдээ нөгөө талд мэдээж уран хортой юу, энэ нь иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулахгүй юу гэх шинжлэх ухаанч асуулт хариултаа нэхэх нь дамжиггүй. Тэгвэл үүнд олон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улс орны үйлдвэрлэл, туршилт бэлхнээ хариулт өгнө.

Энэ талаар МУИС, Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм, шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Н.Норов  "Уран бол зүгээр л ашигт малтмал. Түүний онцлог нь байгалийн цацраг идэвхтэй. Уран нь байгальд алтнаас илүү тархсан элемент. Түүнчлэн, хүний биед хүртэл уран байгаа. Бид бүгд цацраг идэвхийн нөлөөлөлд байдаг гэж хэлж болно. Ураны цацрагийн хэмжээ зохистой хэмжээнээс илүү гарахгүй бол хүн, мал амьтанд нөлөөлөхгүй. Ер нь уран олборлолтоос болоод хүн, амьтан хордоод гамшгийн хэмжээнд хүрсэн газар дэлхийн хаана ч байхгүй" гэдгийг онцолсон байдаг. 

-УРАН БОЛ МАНАЙД ШИНЭ ЗҮЙЛ БИШ-

Уран бол манайд шинэ зүйл биш. Учир нь Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1981 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн концессийн нууц гэрээгээр Мардайн ураны ордыг Зөвлөлтийн тал ашиглаж байсан түүхтэй. “Эрдэс” нэртэй тус үйлдвэрийн хэлэлцээрт газрын хэвлийн баялаг ашигласны төлбөрт олборлосон хүдэр дэх ураны нэг кг тутмаас таван шилжих рублийг Монголын талд төлж байх, ордыг ашиглаж дууссаны дараа үйлдвэрийн бүх үндсэн хөрөнгө, дэд бүтцийг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг. Мардайн ураны ордыг гүний хоёр уурхай, нэг ил уурхайгаар ашиглаж, жилд хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай байхаар зураг төсөл хийгдсэн гэдэг. Улмаар Мардайн ил уурхайгаас 1989-1995 оны дунд хүртэл 490587 тонн хүдэр олборлож, Краснокаменск руу нийлүүлсэн байдаг байна.

-УРАНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ЖИЛДЭЭ 520 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа 2025.01.17

Золоор иргэдийн болоод шийдвэр гаргах түвшний хүмүүсийн мэдээлэл авах боломжууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэр хэрээр аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах болсон. Тиймээс ч Монгол Улс бусад улс орны нэгэн адил байгалийн баялаг болсон уранаа ашиглаж, хөгжих үүд хаалга нээгдлээ. 20 гаруй жил гацсан уран төсөл хоёр орны Төрийн тэргүүний түвшинд хүртэл яригдсаны эцэст хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. 

Ураны төслийг хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1,600 орчим ажлын байрыг шинээр бий болгож, шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм.

-"МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН УРАНЫ ЗАХ ЗЭЭЛД ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО"-

Уран нийлүүлэлтээр тэргүүлдэг улс орнуудын график

2020 оны байдлаар дэлхийн нийт ураны 46 хувийг Казахстан, 10 хувийг Канад, 9 хувийг Австрали, 5 хувийг Орос олборлож байжээ. Өдгөө Монгол Улсын хувьд ураны нөөцөөрөө дэлхийд эхний 20 дугаарт, Азидаа эхний 10 дугаар байранд ордог бөгөөд 2022 оны байдлаар манай улсад 180 мянган тонн ураны нөөц илэрсэн ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг судлаачид онцолж байгаа юм. Иймд манай улс дэлхийн ураны нийт хэрэглээний багагүй хувийг нийлүүлдэг болох боломж нээгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.

Энэ талаар Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан "Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно" гэдгийг онцолсон юм.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үеэрээ, "Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа" гэдгийг тодотгосон.

Учир нь олон улсын цөмийн энергийн байгууллагаас, “цөмийн станц нь агаарын чанарыг хамгаалж, бага зай талбай эзэлж, хог хаягдал бага гаргадаг тул ногоон эрчим хүч” гэж үзэх болсон. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө