Дугуйчин Б.Тэгшбаяр “Tour de Kumano” олон өдрийн дугуйн уралдаанд өрсөлдөж байна

Дугуйчин Б.Тэгшбаяр “Tour de Kumano” олон өдрийн дугуйн уралдаанд өрсөлдөж байна

Японд жил бүр болдог “Тур де Кумано” олон өдрийн уралдаан өнөөдөр /2025.05.08/ эхэллээ.

Энэ сарын 11-нийг хүртэл дөрвөн өдөр, 464 км үргэлжлэх уг уралдаанд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр Тайландын “Roojai incurance” багийнхаа бүрэлдэхүүнд өрсөлдөж байна. “Тур де Кумано”-г 2006 оноос хойш Японы Миэ мужид жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн олон өдрийн уралдаан юм.

Эхний гурван жилд сонирхогчдын дунд зохион байгуулж байсан бол 2009 оноос мэргэжлийн статус авч, Олон улсын дугуйн холбооны хуанлид багтан 2.2 ангилалтай болжээ. Энэ жилийн тэмцээнд Итали, Малайз, Тайланд, Бельги, БНСУ, Хонконг, Шинэ Зеланд, Японы 19 багийн 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Сонирхуулахад, манай тамирчин энэ сарын 6-нд тус тэмцээний сорилго болох  “Wakayama castle criterium 2025” жижиг тойргийн 30 км-ийн уралдаанд оролцож, “Идэвхитэй дугуйчин”-аар тодорсон юм.