Баяр наадмын энэ өдрүүдэд иргэд аялж зугаалах, амрах, хамаатан садныдаа зочлохоор хөдөө нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед орон нутгийн замын осол аваар ихэсч, жилээс жилд чимээгүй тахал мэт хайран сайхан хүмүүсийн амь насыг авч, олон хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бид дараах ярилцлагыг бэлтгэн хүргэж байна.
"Хэрэв би хажууд сууж явсан хүнтэй яриад анхаарлаа сарниулаагүй бол, хэрэв би жолоодох эрхийн үнэмлэхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодоогүй байсан бол нэгэн ээж хүүхдүүдтэйгээ үлдэж, би шоронд бус наранд ажлаа хийгээд аз жаргалтай амьдрах байсан даа" хэмээн халаглан ярих түүнийг Л гэдэг. Зам тээврийн ослоор бусдын амь насыг хохироосон хэргээр шүүхээс 2.8 жилийн хорих ял сонсож, өдгөө ШШГЕГ-ын Хорих 421 дүгээр ангид хүмүүжиж буй жирийн нэгэн аав хүн. Амьдрал хэдэг таахын аргагүй. Автомашин жолоодож яваад бусдын амь насыг хохироогоод өөрөө шоронд сууж байна гэж зүүдэлж ч яваагүй дээ хэмээн халаглан суух түүнтэй бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс цөөн хором ярилцлаа.
ВИДЕО:
-Эмзэг сэдвийг нь хөндөж байгаад уучлаарай. Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс цөөн хором ярилцах хүсэлтийг минь хүлээн авсан танд баярлалаа. Та ямар хэргээр ял шийтгэгдэж, хүмүүжиж байгаа талаараа яриач?
-Би авто тээврийн осол хийгээд хүний амь насыг анхаарал болгоомжгүйгээр хохироосон хэргээр энд ял шийтгэл хүлээж байна. 2024 оны аравдугаар сард замын үзэгдэх орчин хязгаарлагдмал харуй бүрий болсон үед машин барьж яваад Яармагийн замд осол гаргасан. Ослын улмаас 67 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
-Та тухайн үед ямар тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм бол. Осол юунаас болсон гэж та боддог вэ?
-Анхаарал болгоомж муутайгаас болоод л авто тээврийн осол гаргасан. Тухайн үед жижиг тэрэг приус машинтай явсан. Үзэгдэл орчин хязгаарлагдмал байсан болохоор гэрэл солигдоод хажууд байсан машин хөдлөөд би даргаад хөдөлтөл гарц дээр нэг хүн гэнэт гараад ирсэн. Уг нь 30, 40 км цагийн хурдтай явж байсан ч машинаа зогсоож чадаагүй. Тэгээд шууд л түргэн тусламж, цагдаа дуудсан. Харамсалтай ч хохирогч эмэгтэй маань эмнэлэгт очиж чадалгүй амь насаа алдсан. Тухайн үед би хажууд сууж явсан хүнтэйгээ яриад явж байсан болохоор анхаарал болгоомж алдсан болов уу гэж бодож, харамсдаг юм.
-Мэдээж зам тээврийн осол гаргаад хүний амь насыг хохироочихно гэж бодож байгаагүй байх?
-Тэгэлгүй яах вэ. Би 10 гаруй жил жолооны хүрд мушгисан хүн. Энэ хугацаанд осол гаргаад хүний амь насанд хүрнэ чинээ зүүдэлж ч байгаагүй. Үнэхээр харамсалтай. Уг нь би ажлаа хийгээд л амьдрахын төлөө явдаг байсан хүн шүү. Тухайн үед хурдаа хасчихгүй яав даа гэж үргэлж харамсаж явдаг.
-10 гаруй жил тээврийн хэрэгсэл жолоодсон гэхээр уг нь нэлээд туршлагатай жолооч байж ээ?
-Тийм ээ. Гэхдээ би тухайн үед өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. 2024 оны нэгдүгээр сард жолоодох эрхээ хасуулсан байсан. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд том тэрэг барьдаг байж байгаад тэр үед машинаа зөв парклаагүй, машин дотроо согтууруулах ундаа хэрэглэсэн унтаж байгаад эрхээ хасуулсан юм. Тэнд угаасаа л жолооч нар машин дотроо амьдардаг байсан л даа.
-Тэгэхээр та жолооны эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явжээ?
-Тийм ээ. Би уг нь эрхээ хасуулснаасаа хойш машин бариагүй. Ажлынхаа хүнтэй л хамт машинд нь дайгдаад ажилдаа явдаг байсан. Гэтэл тэр өдөр хамт явдаг хүн маань ажилтай, өөр газар руу явах боллоо гэхээр нь эхнэрийнхээ машиныг унаад эхнэрээ ажил дээр нь буулгаад цааш явсан. Тэгээд орой буцаж явахдаа осол гаргасан.
-Уучлаарай нууц биш бол шүүхээс танд хэдэн жил хорих ял шийтгэсэн бэ?
-Шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10.3 гэдэг зүйл ангиар 2.8 жилийн хорих ял шийтгэгдсэн. Угаасаа миний буруутай үйлдэл байсан болохоор хяналтын шатны шүүхэд гомдол гараагүй ээ.
-Та хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан уу. Тэдэнд маш хүнд байгаа байх?
-Хохирогчийн ар гэрийнхэнтэй хэд хэдэн удаа уулзаж, уучлалт гуйсан. Хүнээ алдсан хүн яавч ч тайван байх вэ дээ. Тийм ч болохоор есөн шидээр загнаж байсан. Гэсэн ч би зөндөө л олон удаа уучлалт гуйсан. Үнэндээ надад тэрнээс өөр чадах зүйл байхгүй болохоор. Би мянган удаа уучлалт гуйгаад ч тэр хүнийг босоод ирж чадахгүй болохоор өөрийгөө чадахын хэрээр л очиж уучлалт гуйсан. Гэхдээ би мянга уучлалт гуйгаад тэр эмэгтэй босоод ирэхгүй болохоор өөрийгөө л буруутгадаг юм. Хохирогчийн ар гэрт нь оршуулгын зардал 35-36 сая төгрөг төлсөн. Талийгаачийн албан ёсны өмгөөлөгч нь сэтгэл санааны хохирлыг иргэний шүүхээр нэхэмжилнэ гэж хэлсэн. Одоогоор тэр мөнгө нь хараахан гараагүй байгаа.
-Та хэн хэнтэйгээ амьдардаг байсан бэ. Гэр бүл н мөн л хүнд байгаа байх даа?
-Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Ээж маань хоёр дүүтэй маань хамт тусдаа амьдардаг. Эхнэр маань одоо Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаа. Хүүхэд маань хөдөө орон нутаг эмээ дээр сурч боловсорч байгаа. Би хорих ял эдлээд 5 сар болж байна. Эхнэр маань ирэх болгондоо л уйлаад явдаг. Ар гэр, эхнэр хүүхдээ л их өрөвдөж байна.
-Та жолооч нарт хандаж, юу хэлмээр байна?
-Жолооны эрхээ хасуулсан үедээ машин жолоодоод авто тээврийн осол хийсэн жолоодох эрхгүй байх үедээ машин жолоодоод нэг хүний амь насыг хохироосондоо аягүй их харамсаж байна. Дүрмээ баримтлаад машин жолоодоогүй байсан бол тэр хүн өдийд амьд, би өдийд өөрийнхөө эрхийг хасуулаагүй наранд ажлаа хийгээд л явж байх байсан байх даа. энэ хашааны цаана. Тээврийн хэрэгслийн ард суугаад тоглоом биш шүү. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьж болохгүй, анхаарал болгоомжтой хурдаа хэтрүүлэхгүй яваарай л гэж хэлье даа.