Хэт халалтын улмаас Францын эрх баригчид спортын арга хэмжээнүүдийг цуцалж, архины хэрэглээг хориглов

Хэт халалтын улмаас Францын эрх баригчид спортын арга хэмжээнүүдийг цуцалж, архины хэрэглээг хориглов

Франц улсын газар нутгийн гуравны нэгээс илүү хэсэгт агаарын хэт халалтын улмаас онц байдал зарлаж, гадаа болох зарим спортын арга хэмжээнүүдийг цуцалж, орон даяар зохион байгуулагдах "Fête de la Musique" хөгжмийн наадмын үеэр согтууруулах ундааны хэрэглээг хоригложээ.

Ням гарагийн байдлаар тус улсын хүн амны 75 хувь буюу 53 сая хүн оршин суудаг бүс нутгуудад агаарын хэт халалтын нэг болон хоёрдугаар түвшний түгшүүр зарласан байна.Эх газрын засаг захиргааны 96 нэгжийн 35-д нь нэгдүгээр, 45-д нь хоёрдугаар түвшний түгшүүр зарлажээ.

Эдгээрийн 14-т нь хэт халалт дараа долоо хоногт үргэлжлэхээр байгааг Францын экологийн сайд Матью Лефевр өчигдөр мэдээлсэн байна. Ням гарагийн байдлаар тус улсын олон бүс нутагт агаарын температур Цельсийн 40 хэм давж, заримд нь Даваа гарагт 42 хэм хүрэхээр байгааг цаг уурын байгууллага мэдээлжээ.

Хоногийн дундаж температур Франц даяарх 30 хэмжилтийн станцад түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байгааг бас мэдээлсэн байна.

Парис даяар 5,000 орчим цагдаа, 2,500 орчим эрүүл мэндийн ажилтан хэт халалтын үеэр ажиллахаар болсон байна. Хотын захиргаа 1,300 орчим усан оргилуурыг нийтийн зориулалтаар ажиллуулж, 1,500 орчим дэлгүүр, худалдааны газарт үнэ төлбөргүй ундны ус түгээхээр болжээ.

Франц даяар 800 гаруй сургууль Даваа гарагийн хичээлээ цуцалж, 1,800 орчим нь хичээл, шалгалтын хуваариа өөрчилснийг тус улсын боловсролын сайд мэдээлжээ.

Төрийн өмчит төмөр замын "SNCF" компанийн гүйцэтгэх захирал Жан Касте агааржуулалт, сэрүүцүүлэгчийн хүчин чадал хүрэхгүй байх магадлалтай тул эмзэг бүлгийн иргэдэд галт тэргээр зорчихгүй байхыг зөвлөсөн байна.