Ховд аймгийн Алтай суманд шүлхий өвчний халдвар илэрсэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб яаралтай хуралдаж, хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, Алтай сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, өвчний голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллахаар болсон байна. Мөн Булган, Үенч сумдын хяналтын постын үйл ажиллагааг чангатгаж, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр болжээ. Түүнчлэн Алтай суманд вакцинжуулалтын дархлаа бүрэн тогтох хүртэл аймаг, сумдын үндэсний баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Мөн Мөст, Цэцэг сумдын Алтай сумтай хиллэх бүсэд нэмэлт хяналтын цэг байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах үүргийг холбогдох албаныханд өгчээ.

