Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-тай хамтран ажилладаг JCI Progress байгууллагын хэрэгжүүлдэг “Clean Up Day Mongolia” төсөл олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдэж, “Asian Best International Human Duties Project” шагналын эзэн боллоо.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цэвэр орчныг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг олон улсын түвшинд үнэлсэн томоохон амжилт юм.
Төслийн хүрээнд байгаль орчноо хамгаалах үйлсэд сайн дурын үндсэн дээр нэгдэн оролцсон иргэд, хамтран ажиллагч байгууллагууд, дэмжигч талуудын хамтын хүчин чармайлт энэхүү амжилтын үндэс болж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ нь байгаль хамгааллын чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна. Цаашид ч Монгол Улсын цэвэр, эрүүл, тогтвортой ирээдүйн төлөө хамтран ажиллаж, байгаль орчноо хамгаалах олон санаачилга, үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.