Олон жил ашиглагдаж буй сансрын телескоп нь дэлхий дээр унах аюултай болсон тул NASA үүнээс сэргийлэх зорилготой ажиллагаа явуулахаар болжээ.
Тодруулбал, нийт 30 сая ам.долларын өртөгтэй энэхүү ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт робот сансрын хөлөг хөөргөх юм байна. NASA-гийн хөлсөлсөн "Katalyst Space Technologies" стартап компанийн гурван гартай энэ хөлөг "Swift Observatory" телескопыг дэлхийгээс холдуулж, одоогийн байрлалаас нь дээд тойрог замд шилжүүлэх үүрэг гүйцэтгэх юм байна. Уг хөлгийг өнөөдөр /2026.06.30/ Номхон далайн Маршаллын арлуудаас Pegasus пуужинд тээвэрлэн хөөргөхөөр төлөвлөжээ.
2004 онд тойрог замд ажиллаж эхэлсэн Swift телескоп сүүлийн үед нарны идэвхжлийн улмаас өндрөө аажмаар алдаж, дэлхийд унах эрсдэлтэй болсон юм байна. Робот хөлөг түүнийг илүү тогтвортой дээд өндрийн тойрог замд шилжүүлэх ажээ.
Өмнө нь зөвхөн Хятад улс хиймэл дагуулаа дээд тойрог замд шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж байжээ. Харин энэ нь үүнтэй ижил үүрэг гүйцэтгэсэн Америкийн анхны робот хөлөг болох юм.
Эх сурвалж: Associated Press