Шатахууныг дамлан борлуулсан хоёр зөрчлийг илрүүлэн шалгаж байгааг Шуурхай штабаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Монополын эсрэг газар, Цагдаагийн байгууллага хамтран шатахууныг дамлан борлуулах, хууль бусаар худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Шалгалтын үеэр Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мотоциклоор шатахуун худалдан авч, зориулалтын бус саванд юүлэн хүргэлтээр борлуулж байсан хоёр зөрчлийг илрүүлжээ. Уг мэдээллийн дагуу нийт 65 литр АИ-92 автобензинийг хураан авч, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Шуурхай штабын шийдвэрээр наймдугаар сарын 4-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензинийг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан, нэг автомашинд 50 мянган төгрөг хүртэлх хэмжээгээр олгож байгаа юм. Мөн энэ хугацаанд шатахууныг задгай болон зориулалтын бус саванд худалдахыг хориглоод байна.