Монгол эх орныхоо дархан хилийг манаж, таван хошуу малаа адгуулан малладаг “Их говийн зоригтнууд” -ын өлгий нутгийн сумын алдарт уяач, эгэл даруу малчин ардын төлөөлөл Дорноговь аймгийн Замын-Үүд сумын малчин, сумын алдарт уяач Сайханбаярын Анхбаяртай ярилцлаа.
Уншигч олон түүнийг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 102 жилийн ойн баяр наадамд будан халзан азаргаа аман хүзүүнд хурдлуулаад, айргийн хашаанд орж ярилцлага өгөхдөө “Цоохор азарга, цоохор дээл хоёроосоо салсангүй ээ” хэмээгээд нулимсаа залгиж, наадамчин олныг огшуулсан "хөдөөний хөх уяач" гэдгээр нь сайн мэдэх билээ.
ВИДЕО:
- "АЗАРГА МААНЬ АМАН ХҮЗҮҮДЭЭД АЙРГИЙН ХАШААНД ОРОХОД ОГШООД ХЭЛСЭН ҮГ Л ДЭЭ. ГЭСЭН Ч ҮНЭН ЮМ" -
С.Анхбаярын будан халзан азарга бол Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн алдарт уяач А.Төмөр-Очирын азарганы төл, өөрийнх нь унаган гүүнээс гарсан цэвэр монгол азарга юм. Төмөр-Очир ахынх нь будан азарганы 20 шахам төл байдгаас айрагдаагүй үлдсэн ганц азарга нь С.Анхбаярын цоохор азарга байж байгаад өнөө жил Эрдэнэ сумынхаа наадамд аман хүзүүдсэн нь энэ болж буй.
“Азарга мордоход бороо ороод сэтгэл санаа их үймүүлсэн. Азарга маань аман хүзүүдээд айргийн хашаанд ороход огшоод хэлсэн үг л дээ. Гэсэн ч үнэн юм". Нээрэн л тэр өнөөдөр ярицлага хийхээр намайг холбогдоход цоохор дээлээ өмсчихсөн инээж суусан юм. Харин цоохор азаргаа сүрэгт нь тавьсан гэлээ. С.Анхбаяр "Энэ цоохор дээлээ би өдөр бүхэн л өмсдөг. Малаа эргүүлэхдээ, усанд явахдаа гээд хаана ч явсан тайлахгүй. Тэгээд дээр нь морь уяна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр байдаг юм шүү дээ. Би энэ жил арваннэгдүгээр сард азаргаа барьж уяад, хүчийг нь тогтоож байгаад арванхоёр, нэгдүгээр сард хорыг нь гаргаад ёстой л цулбуурынх үзүүрийг гараасаа салгаагүй дээ" хэмээн ярихыг нь сонсоход цаг хугацааг алгасан хөлснийх нь үнэр сэнхийх шиг санагдаж билээ.

С.Анхбаяр морио ер нь тарган уяад байдаг тухайгаа мөн хуучилж, энэ жил азаргаа их нимгэлж, уяа сойлгийг нь нарийн сайн тааруулснаа бахдал дүүрэн ярьж байлаа. Гэхдээ бас “Миний будан азарга бараг л түрүүлсэн дээ” хэмээн хурдан хүлэгтээ эрэмшиж байсан эр хүний санаашралыг ч алгассангүй. Учир нь Эрдэнэ сумын наадамд түрүүлсэн азарга соёолон үрээ байсан бөгөөд соёолон азарга бол насаараа соёолон насны морьдтойгоо уралдах ёстой байсныг ярьж, “Би хэл хийгээгүй, аман хүзүүгээр сайхан цоллуулаад ирсэн” хэмээсэн юм. Түүнчлэн Анхаагийн цоохор азарга өнгөрсөн жил Замын-Үүдийнхээ баяр наадамд зургаад хурдалсан бөгөөд эхний зургаан адуу арын морьдоосоо хол тасарсан байхад айргийн дөрөвт явж байгаад хадуураад, замаас нь хүүхдээ буулгаж аваад ирсэн тухайгаа харамсангүй, гэхдээ бас говийн эрийн хээгүй зангаар хэнэггүйхэн хүүрнэж суулаа.
Наадмын дараа хүмүүс холбогдож, “Цоохор азаргаа зарчих, 30 сая төгрөг өгье” гэжээ. Анхаа уяач харин “Хүүгийн минь юм байгаа юмаа” гээд буцаасан аж.

- "ХҮМҮҮС АДУУГАА ХУРДЛУУЛАХЫН ТУЛД МӨНГӨ ЗАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. БИ БОЛ ИЖЛЭЭС НЬ БАРЬЖ АВААД Л УЯДАГ ЮМ" -
Би түүнээс малаа маллахын зэрэгцээ адуу уяхад их хөдөлмөр байдаг тухай, бас уяач хүний хувьд эрлийз адууг юу бодож явдгийг нь дахин, дахин шалгааж байлаа. Харин тэр "Таван хошуу мал эргүүлэнгээ морь уяна гэдэг, тэр дундаа азарган адуу уяна гэдэг бүүр их хөдөлмөр байдаг юм. Чөдөртэй азаргыг адуу мал ирээд үйлмүүлнэ, чөдрийг нь урчихна, өөрийг нь хазаж хэмхэлчихнэ гээд ажил мундахгүй. Орой харанхуйд тавиад, өглөөд мал бэлчихээс өмнө л барьж авна шүү дээ" гээд их ажлын дундуур амсхийж буй төрхөөр дүүрэн сайхан инээмсэглэж байлаа. Тэгээд эрлийз адууг магтсанчгүй, муулсанчгүй зүгээр л "Одооны уяач нар гал болоод хаана ногоотой газар байна тэнд очоод тэжээл өвсөө өгч байгаа. Морь чинь спорт болтлоо хөгжчихөөд байна л даа. Эрлийз адууг буруутгахын ч аргагүй. Тэр хүмүүс сайн давхиулахын төлөө мөнгө зарж байна шүү дээ. Би бол ижлээс нь барьж аваад, ногоогоор нь уядаг юм" гэлээ.

- ХӨГШИН ЭЭЖИЙН ГАР ДЭЭР ТОРНИЖ, ХҮЛГИЙН ЗООН ДЭЭР ӨССӨН УЯАЧ -
С.Анхбаярын бага нас хурдан хүлэг, адууны бэлчээртэй салшгүй холбоотой өнгөрчээ. Хөгшин ээжийнхээ гар дээр өсөж бойжсон бор хүү анх дөрвөн настайгаа морины зоон дээр гарч байсан бөгөөд, найман наснаасаа шандаст хурдан хүлгийн нуруунд мордож, уралдааны замд гийнгоо хадааж явлаа. Ингээд 13 нас хүртлээ нагац ахынхаа морь унаад, гуравдугаар ангиасаа ирээдүйн амьдралаа малын бэлчээрт өнгөрүүлэхээр баттай шийдэж, сургуулиа орхин мал маллаж эхэлжээ. Улмаар Дорнын их говийн уудам бэлчээр дунд С.Анхбаярын гал голомт бадамлаад өдгөө 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм. Тэд хэдийн нэг хүү, гурван сайхан охины ижий аав болцгоожээ. С.Анхбаярынх таван хошуу малаа адгуулан маллахын дээр гүүгээ сааж наадмын мөнгөө олох, ямаа, үнээгээ сааж ааруул цагаагаа бэлтгэх гээд их ажлын хөлд бишгүй л дараатай байдаг айл.

- ГАДАА ГАРЧ ЭР, ГЭРТ ОРЖ ЭМ БОЛЖ БАЙЖ Л ЭНЭ АМЬДРАЛЫГ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ АВЧ ЯВНА ШҮҮ ДЭЭ -
Харин сүүлийн 10 гаруй жил ихэнх малчин айлуудын жишгээр гэргий нь хүүхдүүдээ сургуульд сургахын тулд сумын төвийг бараадсан байна. Ингээд Замын-Үүд сумынхаа гуравдугаар сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд хичээл сургууль зуны гурван сардаа л амардаг аж. Амралтаараа тэд аавдаа ирж сүү, саалиа авч өвлийн бэлтгэлдээ туслаад хичээлдээ явна. Анхбаяр харин ганцаараа үлдэж арын ажлаа бат сайн дааж явдаг байна. Тэрбээр “Тэнгэрийн муухайд л хэцүү байдаг юм даа. Тэрнээс биш хөдөөний ажил сайхан шүү дээ. Энэ нь эрэгтэй хүний хийх ажил, энэ нь эмэгтэй хүний хийх ажил гэсэн юм байхгүй. Би бол малдаа явж ирчихээд л хоолоо хийж, төмпөн шанагаа угаахаас эхлээд бүх л ажлаа хийдэг юм. Гадаа гарч эр, гэрт орж эм болж байж л энэ амьдралыг өдий зэрэгтэй авч явна шүү дээ” хэмээн хуучилж байлаа.

Түүний хамгийн гол зорилго нь хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөж, эрдэм боловсролтой хүмүүс болгох. С.Анхбаярын том хүү нь сая хүнд механизмын сургуулиа амжилттай төгсөж ирээд үргэлжлүүлэн цэргийн сургуульд сурах гэж буй тухай тэр бахархан ярьж байлаа. Харин том охиноо уг нь миссд алхуулна гээд морь унуулахгүй “гамнаж” байсан ч охин нь бүр чөлөөт бөхөөр хичээллэж, аймаг сумын тэмцээнд аваргын болзол хангадаг “том” бөх болжээ.
***
Эх орныхоо өмнөд хилийн сүлдэт баганыг өдөр бүхэн үүрэгт харуул шиг манахын зэрэгцээ цоохор азаргаа наадамд сойн сэтгэл нь огшиж, цоохор дээлээ гадаа, гэртгүй өмсөн гандааж яваа дорнын их говийн хөх уяачтай богинохон ярилцлаа. Эртний ерөөлөөр бидний зам мөр дахин нийлэх биз ээ. Тэр цагт С.Анхбаяр уяач улс, аймгийн баяр наадамд цоохор азаргаа хөтлөн, омог бардам алхаж явахад нь дахин уулзаж, өнөөдрөөс илүү сайхан яриа өрнүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.