Хоёр сарын хугацаанд гурван үе шаттай үргэлжилсэн Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 1,500 гаруй хүн оролцож, 1,300 орчим километр нутаг дэвсгэрээс 325 тонн хог хаягдлыг цэвэрлэн, ангилан ялгаж, зохих журмын дагуу устгажээ.
Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудасдаа, "Далай ээж - Хөвсгөл нуур бол Монголын төдийгүй дэлхийн цэнгэг усны үнэт өв, хүн төрөлхтөн хойч үедээ өнөөдрийнхөөс нь дордуулахгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой байгалийн хосгүй баялаг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя, цэвэрлэе” аяны хүрээнд зохион байгуулсан их цэвэрлэгээнд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан оролцсон нийт иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхан, байгаль хамгаалагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хоёр сарын хугацаанд гурван үе шаттай үргэлжилсэн их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 1,500 гаруй хүн оролцож, 1,300 орчим километр нутаг дэвсгэрээс 325 тонн хог хаягдлыг цэвэрлэн, ангилан ялгаж, зохих журмын дагуу устгалаа. Энэ бол зөвхөн хог хаягдлыг цэвэрлэсэн ажил бус, эх байгалиа хайрлах, эх орноо хамгаалах, ирээдүй хойч үедээ цэвэр тунгалаг ус, эрүүл байгаль өвлүүлэх эх оронч сэтгэлийн бодит илэрхийлэл юм. Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй. Далай ээжийгээ цэвэр, ариун байлгах нь үе үеийн монголчуудын эрхэм үүрэг, нийтлэг хариуцлага мөн. Эхлүүлсэн энэ сайн үйлсээ улам өргөжүүлж, Монголынхоо байгалийн онгон төрхийг хамгаалан, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүн бүрд дахин талархал илэрхийлье" гэжээ.