ФОТО: Ferrari-ийн анхны цахилгаан автомашин 40 сая ам.доллараар зарагдаж, шинэ дээд амжилт тогтоожээ

ФОТО: Ferrari-ийн анхны цахилгаан автомашин 40 сая ам.доллараар зарагдаж, шинэ дээд амжилт тогтоожээ

Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Ferrari компанийн анхны бүрэн цахилгаан автомашин болох Luce загварын тусгай захиалгаар бүтээсэн “Chassis 0” хувилбар дуудлага худалдаагаар 40 сая ам.доллараар зарагдаж, шинэ автомашины ангиллын дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Калифорни мужид болсон Монтерейн автомашины долоо хоногийн үеэр зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр уг автомашины үнэ анхны тооцооллоос 36 дахин өссөн талаар RM Sotheby's мэдээлсэн байна.

Ferrari компани тавдугаар сард Luce загвараа танилцуулсан ч уламжлалт загваруудаас эрс ялгаатай, бөмбөлөг хэлбэртэй хийц нь зарим хэрэглэгчдийн шүүмжлэлтэй тулгарч байжээ. Үүний дараа компанийн хувьцааны ханш Миланы хөрөнгийн бирж дээр найман хувиар унасан байна. 

Гэсэн хэдий ч дуудлага худалдаанд оролцсон цуглуулагчид Luce загварыг өндөр үнэлж, Ferrari-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй шинэ автомашины нэг болгожээ. “Chassis 0” загвар нь гэрлийн тусгалаас хамааран ногооноос нил ягаан өнгө рүү шилждэг тусгай будгаар өнгөлөгдсөн бөгөөд дотор салон нь захиалгаар урласан Perla Le Mans металл арьсаар бүрсэн байна.

Дөрвөн дугуй тус бүрдээ цахилгаан хөдөлгүүртэй Luce загварын нэр нь итали хэлээр “Гэрэл” гэсэн утгатай аж. Ferrari компани энэхүү автомашиныг уламжлалт хэрэглэгчдээс гадна шинэ үеийн худалдан авагчдад зориулан бүтээсэн гэж мэдэгджээ. Дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг боловсролын хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор Ferrari санд шилжүүлэх бөгөөд автомашиныг 2027 оны эхний улиралд эзэнд нь хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: CNN