Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын хэмжээнд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоос үл хамааран бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох аж.
Харин есдүгээр сарын 2-ноос автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт хэвийн үргэлжилнэ. Уг зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн хэмжээнд 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ. Энэ жилийн хувьд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилж байгаа юм.
Тэгш өдөр улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин, сондгой өдөр 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй боловч хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул жолооч, зорчигчид та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сануулжээ.