Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны мэргэжлийн, туршлагатай дасгалжуулагчид Монгол Улсад хүрэлцэн ирж, өсвөрийн сагсан бөмбөгчдийн ур чадварын үнэлгээ болон Монголын багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт зохион байгуулна.
Тодруулбал, ирэх есдүгээр сарын 16-наас 18-ныг дуустал Чингэлтэй дүүргийн Биеийн Тамир, Спортын хороонд сургалт зохиогдохоор болжээ. Сөүлийн Кваншин сургууль болон тус хотын сагсан бөмбөгийн холбооноос хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тоглогчид Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны таван түвшний ур чадварын үнэлгээнд хамрагдана. Үнэлгээний үеэр тоглогчдын сагсан бөмбөгийн суурь ур чадварыг онцгойлон анхаарч, өнөөгийн түвшин болон цаашид хөгжүүлэх шаардлагатай чиглэлийг тодорхойлох аж. Мөн Монголын сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт зохион байгуулж, БНСУ-ын өсвөрийн сагсан бөмбөгийн сургалт, тоглогч хөгжүүлэлт болон ур чадварын үнэлгээний арга зүй, туршлагаас хуваалцана.
Хөтөлбөрт сонгогдсон тамирчид цаашлаад Кваншин сургуульд суралцангаа сагсан бөмбөгөөр хичээллэх боломж үүсэх юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллага (KTO) БНСУ-ын аялал жуулчлал болон спорттой хосолсон аяллын бүтээгдэхүүн, боломжуудын талаар танилцуулахаар төлөвлөжээ.