Европын холбооны хоригт орсон “Чингис хаан” банк өмнө нь ОХУ-ын Россельхозбанк, Сбербанк, Транскапиталбанктай харилцаж байжээ

Европын холбооны хоригт орсон “Чингис хаан” банк өмнө нь ОХУ-ын Россельхозбанк, Сбербанк, Транскапиталбанктай харилцаж байжээ

Европын холбоо 2022 оноос хойш ОХУ-ын Украины эсрэг эхлүүлсэн дайны санхүүгийн чадавхыг хязгаарлах зорилгоор санхүү, эрчим хүч, худалдаа, технологи, батлан хамгаалах зэрэг салбарт өргөн хүрээний хориг арга хэмжээг шат дараатай өргөжүүлсээр ирсэн.

Хамгийн сүүлд 2026 оны долдугаар сард ОХУ-ын эсрэг 21 дэх багц хоригийг баталж, банк, криптовалютын сүлжээ, эрчим хүч болон “сүүдрийн флот”-той холбоотой хязгаарлалтыг чангатгасан байна. Тус багцаар нийт 218 хувь хүн, хуулийн этгээдийг шинээр жагсаалтад оруулсан юм.  Харамсалтай нь энэ багцад Монголын “Чингис хаан” банк мөн багтжээ. Тодруулбал, “Чингис хаан” банкийг Европын холбооны хориг арга хэмжээг тойрон гарахад оролцсон, хоригийн зорилгыг “ноцтойгоор алдагдуулсан” гэж үзсэн, Европын холбооноос гадуур үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудын ангилалд багтаажээ. Ингэхдээ ямар гүйлгээ, ямар харилцагч, ямар үйлдлийн улмаас хоригийн жагсаалтад оруулсан талаар дэлгэрэнгүй тайлбарласан мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм.  

Европын холбооны ОХУ-ын эсрэг 21 дэх багц хоригийн мэдэгдэл

Түүнчлэн энэ удаагийн хоригийн хүрээнд Кыргызстаны нэг банк, Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг Сбербанк India болон India VTB зэрэг ОХУ-ын банктай холбоотой санхүүгийн байгууллагуудад мөн гүйлгээний хориг тавьсан байна. ЕХ-ны тайлбарласнаар эдгээр арга хэмжээ нь Оросын эсрэг тогтоосон хоригийг тойрон гарахад ашиглагдаж болзошгүй гуравдагч орны санхүүгийн сувгуудыг хязгаарлах зорилготой аж.

- ОРОСЫН БАНКУУДТАЙ ХИЛ ДАМНАСАН ТӨЛБӨР, ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХАМТАРЧ БАЙВ - 

Тэгвэл энэ хориг арга хэмжээ монголын бусад банк болон иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуулт мөн үүсээд байгаа. Монгол банкны мэдэгдэлд дурдсанаар “Чингис Хаан банк нь банкны системийн нийт активын 0.02 хувийг эзэлж байгаа тул уг арга хэмжээний банкны системийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөө хязгаарлагдмал гэж үзэж байна. Монгол Улсын банкны систем болон төлбөр тооцооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” хэмээжээ.

“Чингис хаан” банкийг 2001 онд 100 хувийн гадны хөрөнгө оруулалттай  байгуулж, улмаар томоохон аж үйлдвэрийн болон хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлж ирсэн байна.  Түүнчлэн ОХУ-ын санхүүгийн байгууллагуудтай харилцаж ирсэн талаарх мэдээлэл мөн байгаа юм.

Тодруулбал, тус банкны талаар нийтэлсэн танилцуулгад ОХУ-ын Россельхозбанк, Транскапиталбанк, Сбербанк зэрэг банктай олон жилийн түншлэлтэй гэж дурдсан байна. Харилцааны хүрээнд хил дамнасан мөнгөн шилжүүлэг, худалдааны санхүүжилт, валютын гүйлгээ, банк хоорондын зээл, хадгаламжийн чиглэлээр хамтран ажилладаг гэжээ.

Үүгээр ч зогсохгүй 25 жилийн түүхтэй Чингис банкны асуудалд нэр нь хутгалдаж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Монголбанк долдугаар сард гаргасан мэдэгдэлдээ “Монголбанк тухайн банктай холбоотой эрсдэлийг өмнө нь үнэлж, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс Монгол Улсын төлбөрийн системд шууд оролцох эрхийг хязгаарлах зэрэг зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэмээжээ. Бүр цаашилбал Чингис хаан банкны үйл ажиллагаа 2018 оноос доголдож эхэлсэн бөгөөд Хөгжлийн банк, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын мөнгийг төлөх чадваргүй болсон гэдэг. Мөн 2020 онд Төв банкнаас “Чингис хаан” банкыг төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлд орсон талаар 2020 оны эхээр мэдээлж байсан.  Түүнчлэн тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2021 онд “Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна” гэх мэдэгдлийг хийж байв.

- ЧИНГИС ХААН БАНКНЫ ХУВЬЦААГ Д.БАТАА, Ш.БҮТЭД, Ц.БАЯРСАЙХАН НАР ЭЗЭМШДЭГ - 

Үйл ажиллагаа нь доголдсон ч үргэлжлүүлэн ажилласаар , "мөнгө зээлсээр" байдаг Чингис хаан банк тэгвэл хэнийх вэ гэдэг асуулт үлдэж байна.  “Чингис хаан” банкны хувьцааг “Ньюстандарт финанс” ХХК 100 хувь эзэмшдэг бөгөөд тус компанийн өмчлөгчөөр Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар бүртгэлтэй байна. 

Эдгээр хүмүүсийн нэр Монголын бизнес, төрийн санхүү, Хөгжлийн банк болон улс төрийн хүрээтэй холбоотой олон асуудалд өмнө нь гарч байсан. Тодруулбал, Д.Батаа буюу “Стандарт”-ын Батаа нь үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын бизнесүүдтэй холбоотой гэдэг. Тэр ч байтугай Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын сейфнээс их хэмжээний мөнгө илэрсэн гэх хэрэгтэй холбогдож, тухайн үед уг мөнгөний эх үүсвэртэй холбоотой асуудлаар шалгасан талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Харин Ш.Бүтэд нь “Ньюстандарт финанс” ХХК-ийн 31.4 хувийг эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүн юм. Тэрбээр   “Нүүдэлчин групп”, “Мондулаан трейд” ХХК болон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлуудаар "олонд танигдсан".  Мөн түүнийг тухайн үеийн Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч хэмээдэг. 

Ц.Баярсайхан нь “Ньюстандарт финанс” ХХК-ийн 28 хувийг эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүн. Тэрбээр банкны хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудлаар АТГ-ын шалгалтад гарч байсан талаар 2020 онд хэвлэлүүд мэдээлж байв.  Мөн Ц.Баярсайхан нь “Степ Голд”, “Нүүдэлчин групп” зэрэг компанийн бизнесийн эзэмшилтэй холбоотой гэдэг.