Арабын Нэгдсэн Эмират Улсын Умм-аль-Кувейн хотын эрэг орчимд газрын тос асгарсны улмаас наран шарлагын газрууд болон эргийн бүсүүдийг түр хугацаагаар хааж, бохирдлыг тогтоон барих, цэвэрлэх ажиллагаа эхлүүлжээ.
Тус улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яамнаас аравдугаар сарын 23-нд мэдээлснээр, газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцноос алдагдсан газрын тос эргийн бүсэд хүрч, далайн орчинд бохирдол үүсгэсэн байна.
Одоогоор эрх баригчид газрын тос асгарсан хөлөг онгоцны нэр болон ослын шалтгааныг албан ёсоор зарлаагүй байгаа аж. Харин далайн тээврийн эрсдэлийг судалдаг шинжээчид уг хөлгийг “Gem No.2” нэртэй танкер байж болзошгүй гэж үзжээ.
Мөн хиймэл дагуулын зургаас газрын тосон толбо ойролцоогоор 160 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан байж болзошгүйг шинжээчид тогтоосон талаар Reuters мэдээлэв. Энэ нь албан ёсоор баталгаажсан бохирдлын хэмжээ биш юм. Газрын тосны бохирдол тархахаас сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд эргийн бүсэд хяналт тавьж, цэвэрлэгээний ажиллагаа явуулж байна. Умм-аль-Кувейн хотын наран шарлагын газруудыг түр хааснаас гадна Шаржа мужийн Аль-Хамрия наран шарлагын газрыг урьдчилан сэргийлэх зорилгоор хаажээ. Түүнчлэн загасчид болон далайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэдийг бохирдолд өртсөн хэсгээс хол байхыг эрх баригчид анхааруулсан байна.
АНЭУ-ын хувьд ундны усны ихээхэн хэсгийг далайн усыг давсгүйжүүлэх аргаар гарган авдаг тул газрын тосны бохирдол далайн ус цэвэршүүлэх байгууламж, загас агнуур болон эргийн экосистемд нөлөөлөх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: Reuters