Говийн уудамд малаа хариулж, жижигхэн биедээ ахадсан их ажлыг нуруундаа үүрч явсан жаахан хүүг бид таван жилийн өмнө “Бэхи” баримтат киноноос харж билээ. Тэр үед Бэхи хүүгийн дуу хоолойноос илүү говийн салхи, малчин айлын эгэл амьдрал мэдрэгдэж байв. Тэр цагаас хойш таван жилийн хугацаа өнгөрчээ. Тэр одоо Говь-Алтай аймагт МСҮТ-д барилгын засал чимэглэлчин мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байна.
ВИДЕО:
МАНАЙХ БОГ МАЛТАЙ БАЙЖ БАЙГААД ЗАРААД, ТЭМЭЭ ӨСГӨЖ БАЙГАА
Зуны амралтаараа нутагтаа очиж, тэмээгээ хариулна. Хичээл эхлэхээр аймгийн төв дээрээ ирнэ. Сургуулийн амьдралд дасах түүнд эхэндээ амар байгаагүй аж. Гэрээсээ гарч, аав ээжээсээ холдоод ирэхээр нутаг ус, гэрийнхэн нь санагдана. “Эхэндээ аав, ээжээ их санадаг байсан. Одоо бол дасчихсан. Хичээл эхэлсэндээ их баяртай байгаа” гэж Бэхи ярив.
Зуны амралтаа тэр нутагтаа өнгөрүүлжээ. Хичээлээ тараад гэртээ харьсан хүүхэд шиг биш, харин гэрийнхэндээ нэмэр болохоор очсон том хүн шиг тэмээгээ хариулж, малдаа явсан байна. Наймдугаар сарын дундуур хотод ирж COP17-д оролцоод, буцаад сургуульдаа оржэ. Тэр өөрийнхөө тухай ярихдаа нэг их сүртэй зүйл хэлсэнгүй. Харин нутаг, мал, гэрийнхнийхээ тухай ярихад нь нэг л дотно санагдана. “Бэхи” киног үзсэн хүмүүс түүний гэр бүлийг бог малтай айл гэдгээр нь санаж байгаа байх. Бог малаа зараад тэмээ өсгөдөг болсон байна. Тиймээс Бэхи зуны амралтаараа гэртээ очихдоо тэмээгээ хариулна. “Манайх бог малтай байж байгаад зараад, тэмээтэй өсгөж байгаа” гэж тэр энгийнээр хэлэв. Говийн хүүхэд тэмээний дэргэд өсөх гэдэг өөрөө нэг төрлийн амьдралын сургууль. Барилгын засал чимэглэлчин мэргэжлээр суралцаж байгаа ч ирээдүйд яг энэ мэргэжлээрээ явах эсэхээ одоохондоо шийдээгүй гэнэ. Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж, ажиллах тухай ч боддог аж.

КИНОГОО ҮЗЭХЭЭРЭЭ ОДОО Ч ХАЯА ИЧДЭГ
Кинонд өөрөө гарсан гэдгээ мэдээд эхэндээ их ичдэг байжээ. “Анх киногоо үзэхэд их ичсэн. Одоо ч хааяа үзэхээрээ ичдэг” гэж хэлээд инээв. Гэхдээ тэр кино Бэхид зөвхөн ичих дурсамж үлдээгээгүй. Ойр дотнын хүмүүс нь үзсэн. Танихгүй хүмүүс ч үзсэн. Сайхан үг хэлсэн, өхөөрдсөн, урам өгсөн хүмүүс олон байжээ. Тэр бүхнийг сонсох тусам Бэхи өөрийгөө арай өөрөөр хардаг болсон байна. “Хүмүүс их үзсэн сайхан үг хэлсэн, өхөөрдсөн. Тэгээд өөрөөрөө бахархдаг болсон” гэж тэр ярив.
Том хүү гэдэг гэрийнхэндээ өөрийн эрхгүй үлгэр дуурайл болдог. Үүнийг тэр өөрөө ч ойлгодог болсон байна. Тиймээс зөв бодолтой, хүмүүжилтэй, хариуцлагатай хүн болохыг хичээдэг гэж ярив. “Том болох тусам хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог. Дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг” хэмээн хэлсэн юм. 16 нас гэдэг нэг их холын ирээдүйг тооцоолж, амьдралынхаа бүхнийг шийдчихсэн байх нас биш. Гэхдээ ямар хүн болохоо бодож эхлэх нас. Бэхи ч өөрийгөө ямар хүн болгохоо боддог болжээ. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг, зөв бодолтой хүн болохыг хүсдэг гэнэ.

ГАДААД ХЭЛ СУРЧ, НУТГАА ЗӨВ САЙХАН ТАНИУЛДАГ БОЛОХЫГ ХҮСДЭГ
Бэхи төрж өссөн говийнхоо тухай ярихдаа нэг зүйлийг онцолсон нь гадаадын жуулчид. Нутагт нь гаднынхан олноор ирэх болсон учраас тэдэнтэй зөв харилцаж, эх орон, нутаг усаа танилцуулж чаддаг болохыг хүсдэг аж. “Гадаад хүмүүс манай нутагт их ирдэг болсон. Тийм болохоор гадаад хэл сайн сурмаар байна. Тэгээд нутаг орноо зөв сайхан танилцуулдаг хүн болохыг хүсдэг” гэж Бэхи ярив. Магадгүй хүний өсөж том болж байгааг наснаас нь илүү ингэж ярьж байгаагаас нь мэдэж болох биз. Тэр таван жилийн өмнөхөөсөө өндөр болж, дуу нь өөрчлөгдөж, бодол нь ч тэлжээ. Гэхдээ говийн хүүгийн хамгийн дотно байдаг тэр амьдрал нь хэвээрээ. Таван жилийн өмнө бид Бэхи хүүг камераар харсан бол өнөөдөр утасны цаанаас өөрийнх нь хоолойг сонслоо. Тэр үед хэдэн хонио хариулж явсан жаахан хүү өнөөдөр мэргэжлээ сонгож, ирээдүйгээ бодож сууна.
*****
Говийн уудамд өссөн Бэхи хүүгийн зам цааш хаашаа эргэхийг одоо хэлэхэд эрт. Харин хаана ч явсан төрж өссөн говь, тэмээгээ, эх орноо хайрлах тэр сэтгэл нь хамт явна гэдэгт эргэлзэхгүй. Таван жилийн дараа Бэхитэй дахин ярилцахад тэр үед өнөөдрийн энэ ярианаасаа ч илүү олон түүх ярьж суух биз ээ.
