"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “ажлын хэсгийн дүгнэлтийг аваагүй”, “Зөвлөл /Совет/-ийн зөвшөөрөлгүйгээр “Ачит Ихт” компанитай 2015 онд их хэмжээний хэлцэл хийж, хамтран ажиллах гэрээ байгуулсан” хэмээн прокуророос яллаж, анхан шатны шүүх алх цохиж, түүнд ял оноосон.
Гэтэл хар дээр цагаанаар бичсэн баримтуудад Ц.Даваацэрэн нь “Ачит Ихт” компанитай гэрээ байгуулахдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн бүх хэлтсүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, улмаар тухайн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, "Эрдэнэт үйлдвэр"-ийн нэгдүгээр орлогч асан, Оросын иргэн И.В.Ройгийн боловсруулсан гэрээний төслийн дагуу дээрх гэрээ байгуулсан байх аж. Энэ талаарх баримтыг ЭНД ДАРЖ уншина уу. Мөн шүүхээс зөвлөл /совет/-ийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан гэх боловч "Эрдэнэт үйлдвэр"-ийн уг Ажлын хэсэг нь "Зөвлөлийн зөвшөөрөл шаардлагагүй" хэмээн дүгнэсэн төдийгүй "Эрдэнэт үйлдвэр"-ийн Оросын талын 49 хувь “Ростех” корпорацад шилжсэнтэй холбоотойгоор 2013-2015 оны 12 сар хүртэл тухайн зөвлөл нь хуралдаагүй байдаг. Энэ талаарх баримтыг бид мөн дэлгэсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
- “АЧИТ ИХТ”-ТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХДАА “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗӨВЛӨЛИЙН 38 ДУГААР ХУРАЛДААНААР БАТАЛСАН ДҮРМИЙГ БАРИМТАЛЖЭЭ-
Тэгвэл энэ удаад "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэн нь "Их хэмжээний хэлцэл хийж, улсыг хохироосон уу" гэдэг асуудлыг хөндөж байна. Тодруулбал, хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн 38 дугаар хуралдаанаар баталсан Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрмийн
- 2 дугаар зүйлд “Ерөнхий захирлын эрх хэмжээнд Зөвлөлийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдахтай холбогдсон бүх асуудал хамаарна”.
- 6 дугаар зүйлд “…10 сая доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заажээ.

Тиймээс Ц.Даваацэрэн нар нь “Ачит Ихт” компанитай гэрээ байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн дээрх заалтыг баримталсан байгаа юм. Энэ талаар Ц.Даваацэрэн, “Ачит Ихт компанитай гэрээ байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн дүрэмд зааснаар би нэгдүгээр орлогчтой /Оросын иргэн И.В.Рой/-гоо зөвшилцөөд шийдвэрлэсэн. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс ямар нэгэн хөрөнгө гаргахгүй тул үйлдвэр эрсдэл хүлээхгүй, Монголын тал ямар нэгэн хөрөнгийн харилцаанд оролцохгүй тул “Эрдэнэт үйлдвэр” болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзсэн. Их хэмжээний хэлцэл гэдгийг захиран зарцуулах хөрөнгийн хэмжээг заасан гэж ойлгож байна. Тэгэхээр энд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас ямар нэгэн хөрөнгө захиран зарцуулах асуудал заагдаагүй. Тийм болохоор үүнийг их хэмжээний хөрөнгө захиран зарцуулах гэж үзэхгүй байна. Харин ч эсрэгээрээ “Эрдэнэт үйлдвэр”-т орлого олох боломж нээгдсэн гэж үздэг” хэмээн мэдүүлж байжээ.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК “АЧИТ ИХТ” КОМПАНИТАЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН ҮҮ-
Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх хэсэгт “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл”-ийг их хэмжээний хэлцэлд тооцно” гэж заажээ.
Гэтэл “Ачит Ихт” компанитай байгуулсан гэрээ нь их хэмжээний эдийн болон эдийн бус хөрөнгийн хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл бус харин хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн тусгай зөвшөөрлийн талбайд л байгаа болохоос тус үйлдвэрийн хөрөнгө, нөөцөд бүртгэлгүй, балансын бус 2 дугаар овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх, овоолгын ашиглалтын төлбөр төлөх л хэлцэл байх аж.

Нөгөөтэй, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016 оны хоёрдугаар улирлын байдлаарх балансын активын дүн нь 1.6 их наяд байсан байна. Ингэхээр үүний 25 хувь гэж авч үзвэл 400 тэрбумаас дээш үнийн дүнтэй хэлцэл л их хэмжээний хэлцэлд хамаарахаар байгаа юм. Харин “Ачит Ихт” компанийн тухайн үеийн балансын дүн 94 тэрбум төгрөг байсан байна. Үүний 34 хувь нь 33.5 тэрбум төгрөг болж таарна. Тэгэхээр хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ч энэ нь их хэмжээний хэлцэлд хамаарахгүй болж буй юм.
-ЯДУУ АГУУЛГАТАЙ ХОЛИМОГ ХҮДРЭЭС БАЛАНСЫН БУС II ОВООЛГО ҮҮСЖЭЭ-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг буруутгасан “буруутгал” үүгээр зогсоогүй. Түүнийг “Ачит Ихт” компанитай 2015 онд гэрээ байгуулсны улмаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлого олох боломжийг алдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хохирол учруулсан хэмээн буруутгажээ.
Гэтэл үнэн хэрэгтээ, Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус 2 дугаар овоолгыг “Ачит Ихт” компанид ашиглуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийн 2010 онд байгуулсан гэрээг үргэлжлүүлэн, “Эрдэнэт үйлдвэр” хаягдлаа ашиглах, хаягдлыг эргэлтэд оруулж, улсын төсөвт орлого оруулах, ажлын байр шинээр бий болгох, “Эрдэнэт үйлдвэр” хаягдлаасаа орлого олох боломжийг бүрдүүлсэн байх аж.
Тодруулбал, Ашигт малтмалын нөөцийн Улсын комиссын 1972 оны тогтоол, Ашигт малтмалын нөөцийн сангийн комиссын хуралдааны 1991 оны тогтоолын дагуу хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус 2 дугаар овоолгыг балансаас хассан байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” нь 1978 оноос эхлэн хөрсөө хуулж эхэлсэн бөгөөд газрын доор байгаа хүдрээ олборлохын тулд газрын дээд хэсгийн хөрс буюу ашиггүй, ядуу агуулгатай хөрсийг хуулж, овоолго үүсгэдэг байжээ. Үүнээс л Эрдэнэт үйлдвэрийн балансын бус 2 дугаар овоолго үүссэн байгаа юм.
Харин “Ачит Ихт” компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус 2 дугаар овоолгын нөөцийг өөрсдийн хөрөнгөөр судалгаа хийж нөөцийг тогтоож, ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байжээ. Энэ талаар “Ачит Ихт” компанийн төлөөлөгч Н.Энхжаргал, “2016 оны аравдугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу үүсмэл орд /овоолго/-ыг ашиглахтай холбоотой шинэ эрх зүйн орчин бий болж үүсмэл ордыг ашиглахдаа нөөцийг нь Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх болж эрх зүйн орчин бүхэлдээ өөрчлөгдсөн.
Үүний дагуу “Ачит Ихт” компанийн зүгээс нөөцөө тодорхойлж бүртгүүлэх байсан тул “Ачит Ихт” компани 2 дугаар овоолго дээр геологийн хайгуулын иж бүрэн судалгаа хийж 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж нөөцөө бүртгүүлсэн байдаг. Эдгээр материалууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа” хэмээжээ.
Тэгвэл “Ачит Ихт” компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус 2 дугаар овоолгыг ашиглаж эхлэхээс өмнө тус овоолгод цас, борооны ус нэвчиж, улмаар овоолгоос хүчиллэг ногоон ус урсаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байсан гэдэг. Тиймээс ч “Эрдэнэт үйлдвэр” өөрсдийн зардлаар хүчиллэг ногоон усыг зайлуулах зэрэг ажлыг зохион байгуулж байжээ. Харин Английн “Centrel Asia Metals” компани 2006 онд тус 2 дугаар овоолгыг ашиглахаар судалж байсан ч эрсдэлтэй хэмээгээд хаяад явсан байгаа юм. Улмаар Английн компанийн “эрсдэлтэй” гээд орхиод явсан төслийг “Ачит Ихт” компани үргэлжлүүлэхээр болж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн захирал Ц.Ганзоригтой гэрээ байгуулан анх ажлаа эхлүүлж байжээ.
- БАЛАНСЫН БУС II ОВООЛГЫГ АЧИТ ИХТ КОМПАНИД АШИГЛУУЛСНААР УЛС,ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ 500 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ОРЖЭЭ-
Ашигт малтмалын тухай хуульд заасанчлан ашигт малтмалыг сорчлон ашиглахгүй гэсний дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нь Ц.Ганзориг захирлын “Ачит Ихт” компанитай байгуулаад байсан балансын бус 2 дугаар овоолгыг ашиглуулах гэрээг үргэлжлүүлэн хийсэн байх аж.
Үүний үр дүнд “Ачит Ихт” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээр улс, орон нутгийн төсөвт 440 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 42.6 тэрбум төгрөг төлж улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулсан байна. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр балансын бус 2 дугаар овоолгоо Ачит ихт компанид ашиглуулснаас ашиглалтын төлбөрт 33 тэрбум төгрөг, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр болон газрын төлбөрт 3.6 тэрбум төгрөг гээд нийт 36.6 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ.
Энэ талаар Ц.Даваацэрэн “Овоолгоос борооны дараа исэлдсэн ногоон ус гардаг. Энэ нь байгаль орчинд асар их хохиролтой учир ногоон усыг хөрс рүү алдахгүй байх, урсгал ус руу алдахгүй байхын тулд байнгын хяналтад байлгаж, хамгаалдаг байсан. Харин “Ачит Ихт” компанитай гэрээ байгуулснаар энэ зардлыг “Ачит Ихт” компани 100 хувь хариуцах үүргийг гэрээгээр хүлээсэн. Тэгэхээр байгаль орчны зардалд хэмнэлт гарсан гэсэн үг” гэдгийг онцолжээ. Товчхондоо, ядуу агуулгатай холимог хүдрээс үүссэн овоолгоос шүүрч гардаг хүчиллэг усыг нь тогтоон барихын тулд өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байсан бол 2 дугаар овоолгыг “Ачит Ихт” компани ашиглаж, улмаар улс, орон нутгийн төсөв, Эрдэнэт үйлдвэрт олон тэрбум төгрөгийн татвар, хураамж ордог болсон боломжийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн бүрдүүлсэн байх аж.