Н.Учрал: Сар бүр 777 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломжтой

Н.Учрал: Сар бүр 777 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломжтой

УИХ-аас тэтгэврийн шинэчлэлийг бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж буй. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, З.Нарантуяа нар ажиллаж байгаа бөгөөд тэд хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр /2020.05.13/ УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. УИХ-ын гишүүд хувийн тэтгэвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, өнөөгийн нөхцөлд байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг Хувийн тэтгэврийн хуулийн төслийг боловсруулж УИХ-ын даргад өргөн барилаа.

Өнөөдөр 91 мянга гаруй 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байна. Тэтгэвэр авч буй иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. 53 хувь нь 350 мянгаас доош төгрөг авч байна.

Тэтгэвэр нэмэх болон бусад асуудлыг сонгуулийн үеэр шоу маягаар хэрэгжүүлж ирснийг хуульчлахаар төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд ногдох 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэвэртээ зориулсан хуримтлалд шилжүүлэх эрхийг нээж өгч байна. Хуримтлалд хүү, өгөөж тооцогдож өсч байх зохицуулалтыг тусгасан.

Тухайлбал 800 мянган төгрөгийн цалинтай хүн сар бүр нийгмийн даатгалд төлдөг НДШ-ийн 4 хувийг хувийн тэтгэврийн санд байршуулснаар 30 жилийн дараа 76825902 төгрөгийн хадгаламжтай болоод зогсохгүй, сар бүр 777 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломж бүрдэнэ" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ хууль хоёр том ач холбогдолтой. Нэгдүгээрт, өнөөдрийн тэтгэврийн тогтолцоо төлж байгаа тэтгэврийн шимтгэлээр буцаагаад сангаас тэтгэвэр авах эрх нь үүссэн хүмүүс авч байгаа. Харамсалтай нь, өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас төлж буй эх үүсвэрээрээ 100 хувь тэтгэврээ олгож чадахгүй улсын төсвөөс нэмэлт зардал гаргадаг. Улсын төсвөөс жилд 600 тэрбум орчим төгрөгийн татаас авдаг. Хэрэв тэтгэврийн шинэчлэл хийхгүй бол дээрх татаас нэг их наяд хүрэх тооцоо бий. Тиймээс тэтгэврийн реформ хийх болсон. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн санг бий болгосноор иргэдэд илүү их боломж, үйлчилгээнүүд нээгдэнэ. Мөн санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд хувийн тэтгэврийн сан чухал үүрэгтэй, хөрөнгө оруулалтын сан болдог" гэсэн юм.