Хакүхо М.Даваажаргал Олон Улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч болжээ

Хакүхо М.Даваажаргал Олон Улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч болжээ

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр аравдугаар сарын 16-нд Азербайжаны нийслэл Баку хотод болсон хурлаар уг албан тушаалд сонгогдож, “Тоёота Мотор” корпорацын ТУЗ-ийн дарга Акио Тоёдагийн халааг авсан байна.

Акио Тоёда 2025 оны есдүгээр сараас тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил байхаар төлөвлөж байжээ. Харин өмнө нь холбооны зөвлөхөөр ажиллаж байсан Хакүход уг албан тушаалыг шилжүүлсэн байна. Хакүхо 2021 онд мэргэжлийн сүмогоос зодог тайлж, Мияагино дэвжээний багш болсон ч 2025 оны зургаадугаар сард Японы Сүмогийн холбооноос гарсан юм. Түүнээс хойш сүмог олон улсад хөгжүүлэх, хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж, олон улсын өсвөрийн сүмочдын “Хакүхо цом” тэмцээнийг зохион байгуулсаар иржээ. Тэрбээр сүмог олимпын наадмын төрөл болгох зорилгыг дэмжиж байгаа бөгөөд дэлхийн улс орон, соёл, хэлний ялгааг даван сүмогоор дамжуулан хүмүүсийг нэгтгэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн тэрбээр “Миний хувьд сүмо бол амьдрал. Сүмогоор дамжуулан би шаргуу хөдөлмөрлөх, өрсөлдөгчөө хүндэтгэх, талархаж сурах, бэрхшээлтэй нүүр тулахыг сурсан. Одоо би сүмод хариу барих ээлж минь ирсэн гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.