Дэлхийн банкны "Эрчим хүч-2" төслийн гүйцэтгэгч компаниас хахууль авсан гэх В.Адъяа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Дэлхийн банкны "Эрчим хүч-2" төслийн гүйцэтгэгч компаниас хахууль авсан гэх В.Адъяа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Орхон аймаг дахь “Эрдэнэт Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн захирал асан В.Адъяа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Орхон аймаг дахь “Эрдэнэт Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн захирал асан В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн дарга Х.Азжаргал нар нь Дэлхийн банкнаас санхүүжилттэй "Эрчим хүч-2" төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах комисст оролцон ажиллаж байх явцдаа гүйцэтгэгч компаниас хахууль авч, мөнгө угаан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх В.Адъяа нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол Улсын дээд шүүх тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзжээ. Өөрөөр хэлбэл В.Адъяа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо.  

Эргэн сануулахад, Дэлхийн банкнаас санхүүжилттэй “Эрчим хүч 2” төсөл 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд: 

  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур хот, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл,
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл,
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийх,
  • мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10мВт-ын нарны цахилгаан станц барих байсан юм.