Франц улсад амралтын өдрүүдээр өрнөсөн өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал эцэстээ хүчирхийлэл, дээрэм тонуул болон хувирч, Засгийн газарт улс төрийн томоохон дарамт үүсгэжээ. Ерөнхий сайд Себастьян Лекорню даваа гараг /2026.10.19/-т шуурхай хуралдаан зарлаж, эмх замбараагүй байдлыг хэрхэн зогсоох, хохирлыг барагдуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, өнгөрөгч Бямба гараг /2026.10.17/-т бараг хагас сая гаруй хүн "амьжиргааны өртөг нэмэгдэж", "боловсрол зэрэг төрийн үйлчилгээний чанар, хүртээмж муудаж байна" хэмээн эсэргүүцэн жагсжээ.
Жагсаалын ихэнх хэсэг тайван өрнөсөн ч хар хувцас өмсөж, нүүрээ халхалсан бүлгүүд оролцсоноор зарим газарт мөргөлдөөн, хүчирхийлэл гарч, дэлгүүр, аж ахуйн нэгжүүд дээрэмдүүлж, эвдрэл сүйтгэлд өртсөн байна.
Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан бол зарим газарт хүч хэрэглэсэн дүрс бичлэгүүд цацагджээ. Эрх баригчид хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн ч нөхцөл байдлыг хэрхэн тогтворжуулах, хохирсон бизнес эрхлэгчдэд нөхөн төлбөр олгох асуудал тодорхойгүй хэвээр байгаа аж.
ВИДЕО:
Францын Ерөнхийлөгч Э.Макрон ням гараг /2026.10.18/-т ард түмэндээ хандаж, үндэсний эв нэгдлийг уриалан, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхээ амласан ч түүний мэдэгдэл тодорхой шийдэл дэвшүүлээгүй гэх шүүмжлэлд өртсөн байна. Сөрөг хүчнийхэн ч Засгийн газрыг эмх замбараагүй байдлыг хяналтдаа авч чадахгүй байна хэмээн буруутгажээ.
Францын улс төрийн нөхцөл байдал ийнхүү улам хурцдаж байгаа нь ирэх сонгуулийн өмнөх өрсөлдөөнтэй холбоотой аж. Францын Ерөнхийлөгч Э.Макроны нөлөө суларсан энэ үед үндсэрхэг барууны хүчний төлөөлөл Марин Ле Пен болон зүүний хүчний удирдагч Жан-Люк Меланшон нарын улс төрийн өрсөлдөөн ширүүсэж байгаа аж. Үүний зэрэгцээ улсын өр, төсвийн хүндрэлээс үүдэн нийгмийн үйлчилгээ, халамжийн зардлыг танах асуудал ч Засгийн газрын хувьд эмзэг сэдэв болоод байгаа аж.
Францын эрх баригчид нөхцөл байдлыг намжаахыг хичээж байгаа ч үйлдвэрчний эвлэлүүд болон 2018 онд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан “Шар хантаазтнууд” арваннэгдүгээр сарын 5-нд дахин нэгдсэн жагсаал зохион байгуулахаа зарласан байна. Ийнхүү амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний асуудлаас эхэлсэн эсэргүүцэл хүчирхийлэл, улс төрийн тэмцэлтэй холилдож, Францын Засгийн газрын өмнө нийгмийн бухимдлыг намжаах, нийтийн аюулгүй байдлыг сэргээх, эдийн засгийн хүндрэлээ даван туулах зэрэг олон сорилт тулгараад байгаа аж.
Эх сурвалж: BBC