"Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс А.Ганхуяг нарын залилах гэмт хэрэгт 40 сая төгрөгөөр торгох ял, харин БНСУ-ын иргэн Л.Жонсобыг 30 сая төгрөгөөр, К.Киэбаумыг 35 сая төгрөгөөр торгох ял, мөн Ж.Эрдэнэбатыг 20 саяар төгрөгөөр торгох ял оноолоо. Мөн шүүхээс дээрх шүүгдэгч нар бусдад төлөх өр төлбөргүй болохыг тодотгов.
"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг шүүхэд хандаж "Энэ хэргийн хохирол 100 хувь бүрэн төлөгдсөн. Прокурор яагаад 25 тэрбум төгрөгийн хохирол гэдэг зүйл яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Шүүгч хүртэл хохирол төлөгдсөн гэдгийг хэлээд байна шүү дээ. Би Хятад автобуснаас зугтаад Солонгос улсаас автобус авахыг зорьсон. Гэтэл үйлдвэрлэгч улс 7 хуучин автобус өгснөөс л хэрэг үүссэн. Тиймээс би улсад учирсан бүх хохирлыг барагдуулсан тул өмгөөлөгч нарын гаргасан саналыг үндэслээд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би өвчин зовлон хэлж эмнэлэгт хэвтээгүй. Шувуу болж нисээгүй, харин ч бүргэд болж энэ хэдэн солонгосчуудыг авчирч, монголын ард түмнээс уучлалт гуйлгаад, өөрөө эцсээ хүртэл энэ хэргийг шалгуулахаар гадаадаас орж ирсэн. Харин 90 гарсан ээжтэй минь уулзуулах боломж байдаг бол өмгөөлөгч нарын саналыг дэмжиж, шүүх шийдвэрээ гаргаж өгөөч гэж хүсэж байна" гэдгээ хэлсэн юм.