Зул сарын баярын уур амьсгалыг илтгэдэг хамгийн алдартай кинонуудын нэг болох “Гэртээ ганцаараа” киноны шинэ анги бүтээгдэж эхэлжээ. Тодруулбал, “Disney”-ийн харьяа “20th Century Studios” тус төслийг хөгжүүлж байгаа бөгөөд анхны хоёр киноны гол дүр Кевин Маккалистерын дүрээр алдаршсан жүжигчин Маколей Калкин уг бүтээлд эргэн оролцохоор болсон байна.
АНУ-ын энтертайнмент салбарын “Variety” хэвлэлийн мэдээлснээр, шинэ киноны зохиолыг “Superbad”, “Pineapple Express” зэрэг бүтээлээрээ танигдсан Сет Роген, Эван Голдберг нар Маколей Калкинтай хамтран боловсруулах аж. Мөн тэд өөрсдийн “Point Grey Pictures” продакшнаар дамжуулан киноны продюсерээр ажиллах юм. Сонирхолтой нь, Маколей Калкин 2025 онд “Гэртээ ганцаараа” киноны үргэлжлэлийн талаар өөрийн төсөөллийг хуваалцаж байжээ. Түүний санаагаар Кевин Маккалистер насанд хүрч, хүүхэдтэй болсон байх бөгөөд энэ удаа хүү нь аавыгаа гэртээ оруулахгүй хэмээн зөрүүдэлж, Кевиний багадаа хулгайчдаас гэрээ хамгаалахын тулд ашигладаг байсан урхи, зангуудыг өөрийнх нь эсрэг ашиглах аж. Ингэснээр өмнөх кинонуудад Кевин хулгайчдыг урхиар угтдаг байсан бол шинэ ангид өөрөө урхинд орж, гэртээ буцаж орохын тулд тэмцэх сонирхолтой үйл явдал өрнөх боломжтой юм. Гэхдээ энэ нь Калкины өмнө нь ярьсан хувийн санаа бөгөөд шинэ киноны албан ёсны зохиолын агуулга хараахан батлагдаагүй байгаа аж. Одоогоор шинэ киноны нээлтийн тов, найруулагч болон бусад жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй байна.