Жо Байдентай хамт хуралд оролцсон зөвлөх нь коронавирусийн халдвар авчээ

Жо Байдентай хамт хуралд оролцсон зөвлөх нь коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр томилогдох Жо Байдены зөвлөх Седрик Ричмонд коронавирусийн халдвар авсан гэж Байдены хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Седрик Ричмонд нь Байденыг үүрэгт ажлаа хүлээн авсны дараа Цагаан ордны ахлах зөвлөх, Олон нийтийн оролцооны газрын захирлаар томилогдох юм.

Ричмонд өнгөрсөн мягмар гарагт /2020.12.15/ Атланта хотод болсон Жоржиа муж улсын Сенатын хоёрдугаар шатны сонгуулийн сурталчилгааны ажилд оролцохоор явсан бөгөөд тус хуралд Жо Байден ч оролцсон байна.

Улмаар Жо Байден өөрийгөө тусгаарлаж, өчигдөр PCR шинжилгээ өгөхөд сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. Байдены хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Ричмонд Ерөнхийлөгчтэй 15 минутын турш уулзалт хийсэн.  Гэхдээ тэд оффис дотор биш задгай талбайд, амны хаалттай ярилцсан. Тиймээс Ерөнхийлөгч Байденыг ойрын хавьтал гэж үзэхгүй байгаа” гэжээ.

Седрик Ричмондод лхагва гарагт өвчний шинж тэмдэг илэрч түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд  эерэг гарч, улмаар PCR шинжилгээгээр баталгаажуулсан байна. Түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 10 хоногийн турш гэртээ хорио цээрийн дэглэм баримтлах гэнэ.

Эх сурвалж: CNN