Б.Чойжилсүрэн: Би “Богд Зонхов” бурхны барилгыг биш Гандангийн хашаанд 6,8 тэрбумаар “Дүйнхорын дацан” барьж байгаа

Б.Чойжилсүрэн: Би “Богд Зонхов” бурхны барилгыг биш Гандангийн хашаанд 6,8 тэрбумаар “Дүйнхорын дацан” барьж байгаа

“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар манай сайт анх мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу. Энэ асуудал олон нийтийн хатуухан шүүмжлэлтэй тулгарч, нийгмийн хэлэлцүүлэг болон өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин уг төсөлд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөшөөний барилгын ажлыг зогсоох чиглэлийг зарим албан тушаалтнуудад өгсөн. Харин МАН-ын бүлгээс хөрөнгө оруулалтыг зогсоож барилгын ажлыг царцаан төсвийн тодотголоор хасах ёстой гэх саналыг гаргаад байна.

Дашрамд дурдахад, олон нийтийн анхаарлыг татаад буй тус ажлыг 5.5 тэрбум төгрөгөөр барихаар анх 2021 оны төсөвт оруулж баталсан байдаг. Гэтэл 2022 оны улсын төсөвт өртгийг нь зургаа дахин нэмэгдүүлж 32 тэрбум төгрөг болгон дахин оруулж ирснийг УИХ-аар ямар ч санал, хэлэлцүүлэг, шүүмжлэлгүй баталсан байгаа юм. Хамгийн ноцтой нь тус хөшөөг барих төсвийг батлаагүй, тендер зарлаагүй байхад барилгын ажил эхэлсэн гэдэг нь тодорхой болсон.

Эцэст нь тус ажлыг УИХ, Засгийн газрын дэмжүүлсэн нэр бүхий гишүүд иргэдийн анхааралд орж, асуудалд унаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг санал гаргасан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ УЧРААС БИ ДЭМЖСЭН-

-“Богд Зонхов” бурхны хөшөөг 5.5 тэрбум төгрөгөөр барихаар 2021 оны төсөвт оруулж  ирсэн байдаг. Тухайн үед та Төсвийн байнгын хорооны гишүүн байсан. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүд энэ талаар ярьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн үү. Хэр өргөн хүрээнд ярилцсан юм?

-Би сайн санахгүй байна. Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн дарга, Сангийн сайдын илүү анхаарал тавьдаг асуудал юм шүү дээ. Яг Төсвийн байнгын хорооны хуралдаанд нарийвчилж буюу ганц бурхны хөшөөг салгаж яриагүй. Учир нь энэ ажил багцаараа орж ирсэн.

Багцаар нь дэмжих үү гэдгээр санал хураалгасан. Бид нар дэмжиж санал өгсөн.

Харин миний хувьд төсвийн төслийг УИХ-ын гишүүдэд тараахад нь буюу байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө танилцаад “Богд Зонхов” бурхны хөшөөг барих ажлын талаар олж мэдсэн. Тэгээд уг ажлыг хийх саналыг гаргасан гишүүдээс нь асуууж байсан. Тэдгээр гишүүд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах, үр ашгаа өгөх төсөл гэж тайлбарласан. Тэгээд л орхисон асуудал юм. Гэхдээ энэ нь байнгын хорооны хурлаас гадуурх яриа шүү дээ. Би Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай учир түүнийг олж хараад санаачилсан гишүүдээс асуусан гэсэн үг.

Харин бусад гишүүдийг төсөвтэй танилцаж уг асуудлыг мэдсэн үгүйг мэдэхгүй байна. Төсөв баталдаг тусгай дэгтэй. Энэ дагуу өргөн хүрээнд ярилцаж дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Төсвийн ажлын хэсгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах ёстой байх.

-Санал оруулсан гишүүдийн зүгээс “Үр ашигтай төсөл” гээд хэлчихээр нь та дэмжчихсэн юм уу?

-Тийм.

-Тэгвэл бурхны хөшөөг барих ажлын саналыг УИХ-д оруулж ирсэн гишүүд нь хэн юм dt?

-УИХ-ын дарга Г.Занданшатар биш шүү. Зөвөөр ойлгоорой. Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Ш.Адьшаа нарын гишүүд байсан.

-Та дээрх гишүүдтэй нийлж санал гаргасан уу?  

-Би санал гаргаагүй. Гэхдээ би мэдээгүй, хараагүй гэж хэлэхгүй. Дийлэнх, олонхоороо дэмжээд баталсан асуудалтайгаа холбоогүй гэж хэлэх нь юу юм. Чи өөрийнхөөрөө ойлго.

-Тэгвэл 2022 оны төсөвт өртөг нь нэмэгдэж 32 тэрбум төгрөг болсныг та мэдсэн юм байна. Тийм үү?

-Анзаарсан. Энэ ямар учиртай вэ гээд асуусан. Гэтэл байрлал, төсөл нь өөрчлөгдсөн учраас төсөвт өртөг нь нэмэгдсэн гэж тайлбарлаж байсан санагдаж байна.

-Тухайн үед төсөвт өртөг нэмэгдсэн асуудлаар та ямар байр, суурийг илэрхийлсэн юм?

- Хоёр талтай. 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байхдаа хөшөө төдийхөн байж болно. Харин одоо төсөл нь өөрчлөгдөөд цогцолбор болсон.

-Тиймээс та дэмжээд байна уу?

-Тийм. Дэмжиж санал ч өгсөн.

-АДИЛХАН ГИШҮҮНИЙХЭЭ САНААЧИЛСАН АЖЛЫГ “ҮР АШГАА ӨГӨХ ЮМ УУ. АЛИВ АВААД ИР” ГЭХ НЬ ЁС ЗҮЙГҮЙ-

-Эдийн засагт үр өгөөжөө өгөх үгүй нь тодорхойгүй, үр ашигтай байх, хэдэн төгрөг олох зэрэг тооцоололгүй тэр бүү хэл жилд хэдэн жуулчин татахаа ч төсөөлөөгүй байж бурхны хөшөө барих шаардлагатай юм уу. Цар тахлын хүнд үед хөшөө барих нэн шаардлага бий гэж та хараад байна уу?

- Хүн сүсэглэдэг төдий хөшөө барьвал шүүмжлэлгүй яах вэ. Харин хөшөөний цогцолбор босч цэцэрлэгт хүрээлэн болон бусад асуудлаар ажил эрхэлдэг болбол болно шүү дээ. Үр ашгаа өгөх төслийг яагаад дэмжиж болохгүй гэж.

-Үр ашгаа өгнө гэж яаж мэдээд байна. Яаж тооцсон юм?

-Бурхны хөшөө барих саналыг оруулж ирсэн гишүүдээс үр ашгаа өгөх юм байна гэдэг ойлголтыг авсан

-Бурхны хөшөөний барилгыг барих ажилд таны компанийг оролцож байгаа гэх мэдээлэл бий. Үүнд та тайлбар өгнө үү. Барилгын ажилд таны “Хурд” компани оролцож байгаа юу?

-“Хурд” компани барилгын ажилд оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Учир нь би үүсгэн байгуулсан компаниа хаана, ямар ажил гүйцэтгэж байгааг мэднэ. Ам нээгээд уушги нээ гэдэг. Яахав, нэг андуурал явсан байж магадгүй. Би төв гандангийн хашаанд “Дүйнхорын дацанг” шинээр барьж байгаа. “Дүйнхорын дацанг” нураасан байсан. Миний “Хурд” компани 6.8 орчим тэрбум төгрөгөөр уг дацанг шинээр барьж өгөөд одоо ашиглалтад оруулах гэж байна. Энэ төсөлтэй андуурсан юм болов уу.  Миний үүсгэн байгуулсан компани нийгмийн баялгаас хүртэж байна. Тэгэхээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг төслийг компанийн хөрөнгөөрөө санхүүжүүлээд барьсан. Үүнийг би буян хийсэн гэж дотроо бодож байна. Олон нийтэд рекламдаж, PR хийсэнгүй. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээд 4-5 ийм ажил хийсэн. Туулын 10 га газарт мод тарьдаг. Гэхдээ үүнийгээ рекламдсангүй. Хэрвээ рекламдвал энэ буян биш болно. Чи холбогдуулсан учраас хэлж байна.

-Та сүм хийд барьдаг туршлагатай юм байна шүү дээ. Тэгэхээр “Богд Зонхов” бурхны хөшөөг барих 32 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг хэр бодитой гэж үзэж байна вэ?

-Төсөлтэй нь сайтар танилцаж байж хэлнэ. Үр ашгаа өгөх төсөл гэж надад хэлсэн. Би адилхан гишүүнийхээ санаачилсан ажлыг “
Үр ашгаа өгөх юм уу. Яах юм. Аваад ир” гэх нь ёс зүйгүй. Гэхдээ үр ашигтай байх ёстой шүү гэж хэлсэн. Тэгэхэд үр ашгаа өгнө л гэсэн. Хөрөнгө оруулалтаа эхний арван жилд олчихвол боломжийн төсөл гэж би хардаг. Мөнгө олдог төсөл бол яагаад бурхныг ашиглаж болохгүй гэж.

-Сангийн сайд Б.Жавхлан “Нийт 124 ажлын төсөвт өртөг нь нэмэгдээд ороод ирсэн” гэж хэлсэн. Та тэр төслүүдийг мэдэж байна уу?

-Бараа материалын үнийн өсөлтөөс болж төсөвт өртөг нь өөрчлөгдөж болно. Ажлын хэмжээ өөрчлөгдвл бас нэмэгдэж болно. Энэ жилийн хувьд тээврийн үнээс эхлээд бүхий л бараа материалын үнэ өсч, хомстол бий болсон. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх  ажил үнийн өсөлтөд нэрвэгдэнэ. Төсвийг нь нэмж өгөөд дуусгах юм уу, царцаах юм уу. Магадлангаар ирэх оны улиралдаа багтаагаад хийгээд ажлаа дуусга гэдэг саналыг би гаргаад дэмжүүлсэн. Тэгээд хаях ёстой юм уу.

-УИХ-ын гишүүд төсвийн төсөлтэй танилцдаггүй юм байна. Хариуцлагагүй ажилладаг юм байна. Тийм үү?

-Би танилцсан. Бусад гишүүдийн талаар мэдэхгүй байна.