ВИДЕО: Улаанбаатарт амьдардаг БНСУ-ын иргэнийг Монгол залуус зодсон мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ

ВИДЕО: Улаанбаатарт амьдардаг БНСУ-ын иргэнийг Монгол залуус зодсон мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ

Улаанбаатарт амьдардаг БНСУ-ын иргэнийг монгол  залуус бүлэглэн зодож, биед нь халдсан талаарх мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 6-ны орой Улаанбаатар хотын захад байрлах Солонгос буудлын ажилчныг таван монгол иргэн зодож танхайрсан байна.

Хохирогч болох А нь тухайн өдөр ажлаа тараад явж байхад нь залуус араас дагаж, бүслэн автомашины арын суудал руу түлхэж биед нь халджээ. А утсаа асаан тусламж дуудахыг оролдсон боловч чадаагүй байна. Хохирогч нүд, чихэндээ хүнд бэртэл авсан бөгөөд хамар нь хугарч хагалгаанд оржээ.

Тус зочид буудлыг Солонгос хүн ажиллуулдаг байна. Халдлага болох үеэр буудлаас гурван солонгос иргэн гарч ирсэн ч залуус мөн зодож, биед нь халджээ.

MBC телевизийн мэдээлснээр хохирогч иргэд “гэмт этгээдүүийн нэг нь цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байсан бөгөөд үнэмлэхээ ч үзүүлсэн” гэж хэлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа ч хохирогчид Солонгос хүн байсан учраас халдлага үйлдсэн гэж сэжиглэж байна. Тодруулбал, хохирогчдын нэг нь “Надаас чи Солонгос хүн үү” гэж асуусан. Би “тийм” гэж хариулахад уг хэрэг болсон гэжээ.

БНСУ-ын хэвлэлүүд уг хэргийг энэ сарын эхээр нийтэд ил болсон 13 настай монгол охины хүчирхийллийн хэрэгтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, MBC, Chosun зэрэг хэвлэлүүд “Монгол охиныг дунд сургуулийн гурван охин нийлж хүчирхийлсэн хэргийн хариуг авах гэж уг хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай” гэжээ.

ВИДЕО:

Эх сурвалж: MBC, Chosun