ХЯТАДЫН ХЭВЛЭЛД: "Хятад-Монголын харилцааг шинэ шатанд гаргах айлчлал" гэж онцолжээ

ХЯТАДЫН ХЭВЛЭЛД: "Хятад-Монголын харилцааг шинэ шатанд гаргах айлчлал" гэж онцолжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-д ерөнхийлөгчийн хувиарх анхны төрийн айлчлалаа энэ өдрүүдэд хийж байна. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист Намын (ХКН) 20 дугаар их хурал өндөрлөснөөс хойш Хятад улсад гадаадын удирдагч айлчилж буй анхны тохиолдлуудын нэг болж байна.

БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд Хятад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Монгол Улс ямагт чухалчилдаг болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан билээ.

Мөн Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Хятад улсын хөрш орнуудтай харилцах бодлогод чухал байр суурь эзэлдэг болохыг Хятадын тал ч олон удаа илэрхийлж байсан юм. БНХАУ болон Монгол Улсын ГХЯ-дын мэдэгдсэнээр, энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд талуудын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод хэтийн төлөв байдлын талаар албан ёсны хэлэлцээ хийж, олон улсын болон бүс нутгийн түвшин дэх харилцан сонирхсон асуудлуудаар санаа бодлоо гүнзгий солилцож, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолын гэрч болох төлөвтэй байна. У.Хүрэлсүхийн айлчлал нь хоёр улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, практик хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн сайхан боломж юм.

Мөн энэ айлчлал нь Хятад-Монголын харилцааг шинэ шатанд гаргаж, хөрш улс орнууд хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж, нэг нэгнээ дэмжиж болдог болохыг дэлхий дахинд үлгэрлэн харуулна. БНХАУ нь Монголын худалдааны хамгийн том түнш, экспортын гол зах зээлийн байр сууриа олон жил хадгалж байна. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдэгдсэнээр, 2022 оны эхний 10 сарын хугацаанд Монгол Улс 157 улс оронтой 17.2 тэрбум ам.долларын худалдаа хийсний 64.1 хувийг нь БНХАУ-тай хийжээ.

Г.Солонго

Эх сурвалж: https://mongol.cri.cn/