Г.Сайханбаярын оронд хэн нэгнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй бөгөөд түүнийг хасах эсэхийг СЕХ эцэслэн шийднэ

Г.Сайханбаярын оронд хэн нэгнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй бөгөөд түүнийг хасах эсэхийг СЕХ эцэслэн шийднэ

МАН-ын сонгуулийн ухуулагч П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өчигдөр /2024.06.15/ гарсан. Улс төрийн маргааны улмаас П.Отгонбаатар гэгч нь талийгаачийн хүзүү рүү өшиглөж төвөнхийг нь чихэж амь насыг нь хохироосон талаар АН-аас мэдэгдсэн. П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабт ухуулагчаар ажиллаж байсан учир нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татаж байгаагаа МАН-аас мэдэгдсэн. 

Тэгвэл Ч.Сайханбаярыг эргүүлэн татах эцсийн шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргах аж. Тодруулбал, тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ уг үйлдлээ албажуулж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Сонгуулийн Ерөнхий хороо эцсийн шийдвэрийг гаргана.

Сонгуулийн тухай хуульд, 
 
75.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
 
75.2.Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
 
75.3.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.
 
75.4.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй гэж заажээ. 

УИХ-ын сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигч нас барсан, шүүхээс ял шийтгүүлсэн тохиолдолд л нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Тиймээс нэр дэвшигч Г.Сайханбаярын оронд хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй юм. Мөн нэр дэвшигчээр нэгэнт бүртгэгдсэн бол нэр дэвшигч өөрөө татгалзах эрхгүй. Харин энэ удаад нэр дэвшүүлсэн нам нь түүнийг эгүүлэн татаж байна. Ингэснээр МАН сонгуульд 125 нэр дэвшигчтэй оролцохоор болж байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө