И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

“Ачит Ихт” ХХК-ийн захирал И.Батболд үйлдвэрийн нөхцөл байдлын талаар ам нээв.

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Ишээхүүгийн Батболд. ОХУ, Герман, АНУ-д хими, мэдээллийн технологи, менежментийн чиглэлээр сурсан, 18 настайгаасаа армитай амьдралаа холбосон. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд олон удаа оролцсон, сүүлд Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан. Энэ катодын зэсийн үйлдвэрийн захирлаар 3 дахь жилдээ ажиллаж байна. 

-Засгийн газрын шийдвэрээр танай үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон нь үнэн үү? Танд хэцүү л байгаа даа.

-Үнэн. Үйлдвэр зогссон. Би иргэний дайны хөлд нэрвэгдсэн Африкийн Өмнөд Судан, Либери, Сьерра Леоне, Мороко, Иемен зэрэг улсад НҮБ-ын мандат дор очиж тэдний хүн ард, үхэр мал, үйлдвэр, байгууламжийг дайн самуунаас хамгаалах, хэвийн амьдрах, ажиллах нөхцлийг нь зэр зэвсгийн хүчээр хамгаалах үүрэг гүйцэтгэж явсан энхийг сахиулагч, хурандаа цолтой хүн. Гэтэл энх цагт эх орондоо  Засгийн газрын шийдвэрээр хэвийн ажиллаж байсан, удирдаж байсан үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг нэг өдөр гэнэт лацдуулахыг хараад гол харласан. Нулимсаа нуугаад өнгөрүүлсэн. Африк тивд, ямаагаа амьд байлгаж байж сүү ууна гэдэг зүйр үг байдаг. Ямааны эзэн айл дотроо хичнээн ч хэрүүл уруултай байсан хэн нь ч ямаагаа алах бодол тээдэггүй, харин ч өсгөж үржүүлэх тал дээрээ нэгдэж нийлдэг. Түүн шиг манай үйлдвэрийг зогсоохгүй, сүйрүүлэхгүй, хэвийн ажиллуулж байж л засаг нь татвараа авч, хүмүүс ч ажилтай, орлоготой баймаар. Гэтэл манайд яг эсрэгээрээ. 

-Тэгэхээр танай үйлдвэр зэс биш, зардал үйлдвэрлэж байгаа гэсэн үг үү?

-Тийм. 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр зогсоод сар гаруй боллоо. Орлого байхгүй, тэг. Цаг хором бүрт үргүй зардал гарч, хор хохирлын хэмжээ өсч байна. Эдийн засгийн ч, нийгмийн ч. Улс баян болж байгаа учраас манай хувь нэмэр, татварыг тоохгүй байж болох юм. Өнгөрсөн 10 жилд манай компани улс, орон нутаг болон Эрдэнэт үйлдвэрт 370 тэрбум төгрөгийн татвар хураамж, тусгай төлбөр төлсөн. Үүнийг бүтээдэг манай үйлдвэр 300-аад хүнийг тогтмол ажлын байраар хангаж, аз жаргал, баяр хөөртэй амьдрахад тусалдаг. Манай бүтээлч, чадварлаг ажилтнуудын 95 хувь нь залуус. Ихэнх нь орон сууцны зээлтэй. Гэтэл одоо тэдний гэр бүлд  гэрэл гэгээ биш, түнэр харанхуй төсөөлөгдөж байгаа нь мэдээж. Гунигтай биш үү?

Өөр нэг зүйл нэмж хэлэхэд, химийн мэргэжилтэй хүний хувьд хамгийн их болгоомжилж, айж байгаа зүйл бол үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болоод овоолго дахь хүхрийн хүчилтэй олон сая литр ус гадагшлан хальж, байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учруулахаас сэргийлэх явдал. Энэ их хур борооны усыг удирдахгүй бол, ууршуулахгүй бол, усны балансыг түвшинд нь барихгүй бол байгалийн хүчний өмнө ямар ч том дарга хүчин мөхөсдөнө. 

-Цаашид яах вэ?

-Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Үйлдвэр гэж ямар нарийн төвөгтэй процесс байдгийг гадарладаг, ард түмний амьдрал ахуйг мэддэг мэдэрдэг сайд дарга нар л олон болоосой гэж залбирч байна.

                                                                                                                                     С.НОМИН