СУРВАЛЖИЛГА: “Едү апартмент”-ийн шатсан барилгад орон гэргүй хүмүүс хоноглодог болж зарим айлын эд зүйлийг хулгайчид тоножээ

СУРВАЛЖИЛГА: “Едү апартмент”-ийн шатсан барилгад орон гэргүй хүмүүс хоноглодог болж зарим айлын эд зүйлийг хулгайчид тоножээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард ноцтой осол гарч, газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буй. Тодруулбал, замын хажууд байрлах “Едү апартмент”-ийн 207-р байр дэлбэрэлтэнд өртөж, тус байрны оршин суугчид түрээсийн байранд амьдарч байгаа юм.

ВИДЕО: 

-ОРШИН СУУГЧИД ГЭРЭЭСЭЭ ЭД ЗҮЙЛЭЭ ЗӨӨХ, ЗАРИМ НЬ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙХ АЖ-

Галд өртсөн 207 дугаар байр нь 12 давхар, 63 айлынх, 2017 онд ашиглалтад орсон. Дэлбэрэлтийн дараа шинжээчид тухайн байрны гадна фасадын 75 хувь нь галд өртсөн гэж мэдэгдэж байсан ч оршин суугчдын зүгээс тухайн дүгнэлтийг худал гэж үзэж байгаа аж. Учир нь сүүлд Барилга хот байгуулалтын яамнаас гарсан дүгнэлтэнд барилгын 82,35 хувь нь хэвийн харин үлдсэн 17 хувь их, бага, дунд шаталттай гэсэн хариу гарчээ. 

-АЛХ БАРЬЖ СОГТУУ ЦАРАЙЛСАН ХУЛГАЙЧИД АЙЛ УХАХ ГЭЖ ИРЭХТЭЙ НЬ ХЭД ХЭД ТААРСАН ГЭВ-

Тэгвэл дээрх хэрэг гарснаас хойш зургаан сар өнгөрсөн ч шатсан барилга эзэнгүй хэвээр дүнхийж, оршин суугчдын хохирлыг барагдуулах асуудал яригдсан хэвээр байгаа юм. Энэ хугацаанд тухайн барилгад орон гэргүй хүмүүс ирж хоноглон, зарим айлын эд хөрөнгийг хулгайчид тоносон байна. Биднийг очиход зарим нэг оршин суугчид эд зүйлсээ зөөн явж байлаа. Мөн нэг оршин суугч гэртээ цэвэрлэгээ хийж байх аж. Бид тухайн иргэнээс нөхцөл байдлын талаар тодруулахад “Зургаан сар өнгөрсөн ч биднийг хохирлыг хэн ч барагдуулсангүй. Энэ хугацаанд 2,3 давхарт орон гэргүй хүмүүс ирж маш муухай үнэртэй болсон байсан. Барилга дотор шээж, баасан байсан. Манайх ч ялгаагүй ядаж 00 өрөөгөө цэвэрлэе гээд ирчихсэн байна. Монгол хүмүүс бууриа цэвэрлээд нүүдэг шүү дээ. Тэр ёсоор нь эмхэлж, цэгцлээд л байж байна. Энэ хавиар хулгайчид их явж байна. Сая л гэхэд алх барьчихсан хоёр хүн ирээд худлаа согтуу царайлаад айл ухах гээд явж байсан” гэж мэдээллээ.