Х.Номуун: Хөгжлийн бэрхшээлтэй ч усанд сэлэлтээр хичээллэж 17 насандаа паралимпод оролцох анхны монгол тамирчин болсон /ВИДЕО/

Х.Номуун: Хөгжлийн бэрхшээлтэй ч усанд сэлэлтээр хичээллэж 17 насандаа паралимпод оролцох анхны монгол тамирчин болсон /ВИДЕО/

“Усан спортын паралимпын Монгол тамирчин гээд олон улсын тэмцээнүүдэд оролцохоор хүмүүс нь их гайхдаг. Учир нь энэ чиглэлийн тамирчин өмнө нь манай улсад огт байгаагүй юм байна лээ” хэмээн ярих охиныг Х.Номуун гэдэг. Тэрбээр одоо дөнгөж 17 настай хэдий ч хүнд өвчнийг даван гарч, усан спортоор шантралгүй хичээллэснээ  “Парис-2024” паралимпын наадмын усанд сэлэлтэд эх орноо төлөөлөн оролцох анхны монгол тамирчин болоод буй. Иймд бид энэ удаа iSee.mn сайтын Social ID буландаа түүнийг онцоллоо.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Хүрэлийн Номуун гэдэг. Би 17 настай. Паралимпын усанд сэлэлтийн тамирчин байна.

-Яагаад усан спорт сонирхох болсон бэ?

-Өмнө нь би өөрөө түрж болдоггүй жирийн хүүхдийн тэргэнцэртэй байсан. Тиймээс дуртай зүг рүүгээ хөдөлж, явах боломжгүй заавал ээж юм уу хэн нэгэн түрж явах шаардлагатай байдаг байсан. Харин бассейнд дуртай зүг рүүгээ сэлж, хөвөх боломжтой санагдсан. Тиймээс тэр нь надад таалагдаж, би усанд сэлэлтэд дурлаж, сонирхож эхэлсэн.

-Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхлэв?

-Анх усан спортоор 2015 онд сэлж эхэлсэн. Яг парагаар өнгөрсөн 2023 оноос тэмцээн, уралдаанд оролцож эхэлсэн. Өмнөх жилүүдэд нь тэмцээнд оролцохдоо жирийн хүүхдүүдтэй хамт, тэдний орлоцох болох тэмцээнүүдэд оролцдог байсан.

-Ямар ямар олон улсын тэмцээнд оролцож байв. Тэмцээнээс төрсөн мэдрэмж, амжилтаасаа хуваалцаач?

-Анх парагаар Сингапурын тэмцээнд оролцох үед маш их сандарч бас гайхаж байсан. Учир нь би өмнө нь хэзээ ч яг надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй усан спортын тамирчин харж байгаагүй. Тиймээс нэлээд ганцаардаж, жаахан эвгүй байсан. Түүний дараа Дэлхийн аваргад оролцсон. Тэр үед арай гайгүй тайвшраад өөрийн хүчээ гаргаж тэмцээндээ финалдаж чадсан. Тэр амжилт маань надад маш их урам зориг өгсөн. Тэрний дараа “Ханжо2022” зуны азийн спортын наадамд оролцохдоо монголоос бусад хөгжлийн бэршээлтэй тамирчдын хамт явсан болохоор надад маш сонирхолтой санагдсан. Түүнээс хойш олон улсын цуврал тэмцээнүүдэд оролцсон. Бас Ханжоу наадмын пара төрөлд оролцсон хамгийн залуу тамирчин нь би байсан. Тиймээс хамгийн хөгшин тамирчин бид хоёрын зургийг тэмцээн зохион байгуулагчид дарж үлдсэн.

-Усан спорт монголд төдийлөн хөгжөөгүй шүү дээ. Бэлтгэл сургуулилт хийх, монголдоо тэмцээн, уралдаанд оролцох боломж нь ямар байдаг вэ?

-Пара усанд сэлэлтийн тамирчны хувьд монголд тогтмол зохиогддог тэмцээн байдаггүй. Угаасаа ганцхан тамирчинтай болохоор тэмцээн болдоггүй. Тэрнээс болоод цол зэрэг авах боломжгүй гэхчлэн маш олон дутагдал байгаа ч гэсэн гүрийгээд олон улсын тэмцээнүүдэд оролцсон. Тухайн тэмцээнүүдэд оролцоход манай аав намайг санхүүгээр дэмжиж оролцуулдаг байсан. Азийн спортын наадамд л улсаас тэмцээний зардлыг даасан. Бусад бүх үед, бүхий л тэмцээн уралдаанд аав маань зардал дааж, ээж маань үргэлж дэмжиж хамтдаа явдаг байсан. Аав, ээжийнхээ хичээл зүтгэлээр би олон ч тэмцээнд оролцож өнөөдөр паралимпын эрхийг авч чадсан.

Бас нь ихэвчлэн надтай монголд үлддэг эгч маань намайг маш их дэмждэг. Бас ээж маань тэмцээнүүдэд хамт явж, миний сэтгэлзүйн бэлтгэл, биеийн бэлтгэл гээд бүхий л зүйлд санаа тавьж, урам өгч ирсэн. Бас аав, ээжийн найзууд хамаатнууд гээд бүх хүмүүс надад дэмжлэг үзүүлдэг байсанд би маш их талархаж явдаг.

-Хэдэн метрт өрсөлддөг вэ. Одоогоор тогтоогоод буй рекорд нь хэдэн метр, секунд вэ?

-Сингапурт болсон тэмцээний үеэр би 400 метрийн рекордоо тогтоосон. Дараа нь Азийн наадамд 400 метрийн зайд оролцож, 25 секунд 15 долиор рекордоо шинэчилсэн. Мөн сүүлд Францад болсон тэмцээний үеэр амжилтаа нэг секундээр ахиулаад, финалдсан. Финалын шатанд оролцохдоо амжилтаа дахиад л ахиулсан. Тэр хамгийн санаанд ороогүй амжилт байсан. Яагаад гэвэл би маш их ядарчихсан байсан болохоор финалд маш муу сэллээ гэж бодоод цаг харах үед амжилтаа ахин хоёр секундээр ахиулсан байсан. Тэр маш гоё санагдсан.

-Монголд байгаа ганц пара усан спортын тамирчин шүү дээ. Таныг олон улсын тэмцээнүүдэд хэрхэн хүлээж авдаг вэ. Монгол гэхээр гайхдаг уу?

-Олон улсын тэмцээнүүдэд оролцох үед сэлэхээр гараандаа гарахад шууд лайв явж эхэлдэг. Лайваар тамирчин бүрийн нэрийг дурдаад хаанаас ирснийг нь тодотгодог. Харин намайг гарах болгонд лайв хөтөлж байгаа хүмүүс нь “Монгол Улсаас хэзээ ч ийм тамирчин харж байгаагүй юм байна. Монголоос ирсэн тамирчин харахад гоё байна” гэдэг. Бас манай улсын талаар ярьдаг. Тэрийг сонсох бас маш гоё.

-Усан спорт таны амьдралд ямар өөрчлөлтийг авч ирэв. Хичээллэхээр сонирхож буй хүмүүст хандаж юу зөвлөмөөр байна?

-Би усанд сэлэлтээр анх хичээллэж эхэлснээсээ хойш маш их хүмүүжилтэй болсон. Ихэвчлэн би амьдралыг сууж өнгөрүүлдэг. Тэгэхдээ хүн болгоныг ажиглаж цагийг өнгөрүүлдэг. Тиймээс маш их ганцаардаж, өөрийгөө голох мэдрэмж төрдөг байсан. Гэхдээ би усан спортоор хичээллэж эхлээд бусдыг огт бодохоо больсон. Өөрийгөө л боддог болсон. Би өөртөө ямар мэдрэмж өгч байна. Би өөрийн хүчээр ямар амжилт гаргаж, өөрөөрөө яаж бахархаж болох вэ гэх зүйлсийг бодож, сайхан мэдрэмж төрч сэтгэл ханасан. Өөр хөгжлийн бэршээлтэй хүмүүст бас л над шиг мэдрэмж төрч байгаа байх. Тиймээс заавал усан спорт биш юмаа гэхэд ямар нэг спортоор хичээллэж, нэг юмандаа тууштай мөрөөдөлтэй яваасай гэж хүсэж байна. Хэрэв зорилго, мөрөөдөлтэй болж, түүндээ тууштай байж чадвал хүн юунд ч хүрнэ.