ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад А.Гутерриш оролцоно

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад А.Гутерриш оролцоно

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд түвшний уулзалтад оролцоно гэдгээ мэдэгджээ. 

Тэрбээр энэ тухай ТАСС агентлагийн тэргүүн дэд захирал Михаил Гусманд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. ШХАБ, БРИКС, Африкийн холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын холбоод НҮБ-ын үндсэн түнш байх ёстой гэж А.Гутерриш онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, "НҮБ дангаараа шийдэх боломжгүй асуудлуудыг бүс нутгийн байгууллагууд шийдэж чадах зарим нөхцөл байдал бий. Үүнтэй холбоотойгоор тэдгээр байгууллагууд бол Африкийн Холбоо эсвэл Европын Холбоо байхаас үл хамааран бидний хувьд чухал түншүүд юм" гэжээ. Казахстан улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 3, 4-ний өдрүүдэд нийслэл Астана хот дахь Тусгаар тогтнолын ордонд болно. Энэ удаагийн уулзалтад ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин оролцох төлөвтэй байна. Түүнчлэн олон улсын зарим байгууллагын тэргүүн нарыг урьжээ. ШХАБ-ыг 2001 онд БНХАУ, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан гэсэн Евразийн зургаан улсын удирдагчид Шанхай хотноо байгуулж байсан билээ. Тэр үеэс хойш тус байгууллага гишүүнчлэлийн хүрээгээ тэлж, өдгөө албан ёсны есөн гишүүнтэй болоод байна. Тодруулбал, 2017 онд тус байгууллагад Энэтхэг болон Пакистан улс гишүүнээр элссэн бол 2023 оны долоодугаар сарын 4-нд болсон 23 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Иран улс элсэж, ес дэх гишүүн болжээ. Астанад болох дээд хэмжээний уулзалтын үеэр Беларусь улсыг ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлнэ.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө