Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө болон Түшиг сумдад түймэр ассан хэвээр байна. Ерөө сумын нутаг дахь Хан-Хэнтийн тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрт гарсан түймэр даамжирсаар Хан Хэнтий нуруу руу бүхэлдээ орж, Минжийн хангай орчим шатаж байгаа аж.
Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар баруун талаас нь онцгой байдлын 97 албан хаагч ажиллаж байгаа бол зүүн талаас нь Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрынхан хяналт тавин ажиглаж буй. Тус бүсэд өмнө нь 2017, 2018 онд түймэр гарч байжээ. Ойн түймэр шатах материал маш их учир хумих, цэвэрлэх ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймрийн тухайд 370 алба хаагч түймрийн хязгаарлалтыг дотогш нь хумих, голомтод асаж байгаа хөвдийг унтраахаар ажиллаж байгаа болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.