Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид шилжүүлэн авчээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид шилжүүлэн авчээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид шилжүүлж авсан байна.

Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийджээ. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд байв. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.

Тэгвэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авсан байна.