6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашинд УБ дугаар олгохгүй" байх захирамжийг Х.Нямбаатар гаргажээ

6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашинд УБ дугаар олгохгүй" байх захирамжийг Х.Нямбаатар гаргажээ

Энэ оны зургаадугаар сарын 1 /2025.06.01/-ний өдрөөс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжих гэж байна. Дээрх шийдвэрийг иргэд эсэргүүцэн үл хөдлөх хөрөнгө болох автомашиныг нь үнэгүйдүүлэх нөхцөл бүрдэж байна хэмээн  бухимдалтай хандаж байна.

Тэгвэл энэхүү шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /2024.11.15/-ны өдөр гаргаж, захирамжилсан байна.

Тодруулбал, “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлтэй дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай”  А/1348 дугаар захирамжийн 3 дэх хэсэгт энэ тухай шаардлагыг тодорхой дурджээ. Ингээд тус захирамжийн 3.1.6-д “Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх” гэсэн бол мөн тус захирамжийн 3.1.8-д “Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх” гэсэн заалт оруулжээ.

Ингэснээр ирэх зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлдвэрлэгдээд 10 болон түүнээс дээш жил болсон автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхлэх гэж байна.

Хотын даргын гаргасан энэхүү захирамж бол Үндсэн хуулийн 16.3-д заасан "монгол хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах" эрхийг зөрчиж байгаа юм. Учир нь Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийн ихэнх нь буюу 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай юм. Харин Х.Нямбаатар даргын уг захирамжаар Улаанбаатар хотын дугаартай 10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашин нийслэлд зарагдахгүй болж, үнэлгээ нь буурах нөхцөл бүрдсэн байна.