Улсын ихэнх нутгаар нойтон цас болон хур тунадас орж байгаатай холбогдуулан Завхан аймгийн Солонготын даваа орчмоор замын нөхцөл хүндэрч, халтиргаа гулгаа үүссэн тухай албаныхан мэдээллээ.
Мөн тухайн бүсэд үзэгдэх орчин хязгаарлагдаж, тээврийн хөдөлгөөнд саад учруулж байна. Цаг агаарын тааламжгүй нөхцөлтэй холбогдуулан Зам тээврийн байгууллагаас иргэд, тээвэрчид, малчдад хандан замд гарахдаа дараах анхааруулгыг хүргэж байна.
Үүнд:
-Автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах
- Дулаан хувцас, нэмэлт хэрэгслээ авч явах
- Замын нөхцөлд тохируулан хурдыг зөв тохируулах
- Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх
Солонготын даваанд орсон цас болон мөсийг хусаж, авто замыг цэвэрлэх ажлыг "Завхан АЗЗА" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор шуурхай арга хэмжээ авч байгаа аж. Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, зам тээврийн нөхцөл байдлыг тогтмол шалгаж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
Ж.ИЧИНХОРЛОО