Өчигдөр /2025.05.08/ Ватиканд болсон папын сонгуулийн үр дүнгээр АНУ-ын Чикаго хотод төрсөн, 69 настай хамба лам Роберт Фрэнсис Превост Ромын католик сүмийн 267 дахь папаар сонгогдож, XIV Лео нэрийг авсан тухай Ватиканоос албан ёсны мэдэгдсэн.
Тэгвэл Католик шашны тэргүүн XIV Лео-д манай Гандантэгчэнлин Хийдээс мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Тус мэндчилгээнд, "Дээрхийн гэгээнтэн Гэгээн ширээт улсын тэргүүн, Католик шашны тэргүүн XIV Лео танаа, Монголын Бурханы шашинтны Төв -Гандантэгчэнлин хийд болон хувиасаа Таныг Гэгээн ширээт улсын Тэргүүн, Ромын Католик шашны Тэргүүнээр сонгогдсонд чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна.
Гэгээн ширээт улсын зүгээс шашин хоорондын харилцан ойлголцол, ёс суртахууны үнэт зүйлс, хүн төрөлхтний эв нэгдлийг дэмждэгт Бурханы шашны лам хуврагууд бид чин сэтгэлээсээ талархдаг билээ. Таны үйл хэрэг даян дэлхийг амар амгаланд хөтлөж, хүн төрөлхтөнд асрал энэрлийн сэтгэлийг түгээх болтугай. Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж, Гандантэгчэнлин Хийд" гэжээ.