Нэр бүхий 39 иргэнээс ТҮЦ эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх агуулга бүхий гомдлыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т гаргасан.
Энэ хүрээнд хуульд заасны дагуу шалгаж, шалгалтын хариуг олон нийтэд танилцуулж, улмаар ТҮЦ эрхлэгчдээс гаргасан гомдлын хариуг хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн эсэхэд хийсэн дүгнэлтийн хүрээнд гарсан ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлсний дараа ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлд хуулбарыг өгнө гэв.
ХЭҮК-оос дараах дүгнэлтийг танилцуулсан байна. Нэгдүгээрт, эрх, хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа иргэдэд мэдээлэл өгөх, боломжит хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах ажлыг ерөнхий байдлаар хийсэн. Хүн тус бүртэй нэг бүрчлэн уулзаж, боломжит нөхцөл байдлаа санал болгосноо баримтжуулаагүй. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг гардуулан өгч, газар чөлөөлөх хугацааны талаарх мэдээллийг бүрэн өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгчдийн зүгээс эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлаар шүүхэд хандах эрх хязгаарлагдсан байж болзошгүй байна.
Хоёрдугаарт, уг захирамжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангалтгүй хийснээр газар чөлөөлөх арга хэмжээний үеэр зарим иргэний эрх зөрчигдсөн, эд хөрөнгөд хохирол учирсан, хүнлэг бус харьцсан, нүүлгэн шилжүүлэх ажлыг бусдаар гүйцэтгүүлэхдээ нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүний эрхий зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй байна гэж үзсэн.
Гуравдугаарт, дүүргүүдийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар гомдол, санал гаргасан иргэдтэй нэг бүрчлэн уулзалт хийх, үр дүнтэй хэлэлцээ хийх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, бусдын эд хөрөнгийг гэмтээхгүй байхад анхаарч ажиллах, энэ талаар авч хэрэгжүүлсэн ажлын дүн Комисст мэдээлэх зөвлөмжийг өгсөн. Гэвч уулзалтаас тодорхой үр дүн гараагүй, газар чөлөөлөх үйл ажиллагаа эрчимжсэн талаар нэр бүхий иргэнээс Комисст гомдол ирүүлсээр байна.
- Тиймээс дүүрэг тус бүр гомдол гаргасан иргэдээ хүлээн авч уулзах. Дүүргийн зүгээс иргэдэд санал болгосон ажлын байр, боломжит нөхцөлөө танилцуулж, зөвшилцөлд хүрэх бүх арга хэмжээг авах.
- Сонсох ажиллагааг үр дүнтэй хийж, бэлтгэл ажлыг зохих ёсоор хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, нүүлгэх шилжүүлэх ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох.
- Нийслэл, дүүргийн Засаг даргын холбогдох албаны албан хаагчдынхаа хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулах шаардлагатай гэж үзсэн байна.