Монгол Улс Японы визний шалгалтад "Онцгой анхаарал шаардах" орнуудын жагсаалтаас гарч, Азийн визний гаралт өндөртэй 12 улсын нэгд багтжээ.
Ингэснээр Солонгос, Сингапур, Тайланд, Тайвань, Хонконг, Макао, Хятад, Мальдив, Турк, Бруней зэрэг өндөр хөгжилтэй улсуудын хамтаар Азийн визний гаралт өндөртэй 12 улсын нэгд багтаж байгаа юм. Эдгээр орны жагсаалтад багтсанаар визний хяналт зөөлөн болж, Японд суралцах, виз авахад шаардлагатай материалуудын тоо багасч, визний хяналт харьцангуй зөөлөн болж, элсэлтийн процесс хялбар болох бөгөөд монгол оюутнуудад илүү таатай боломжууд нээгдэх давуу талтай юм.
Мөн энэ нь Япон Улс болон манай улсын нийгэм, улс төрийн байдал, олон улсын харилцааг эерэгээр харуулж буй. Түүнчлэн тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй холбоотой гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааны түвшин бага, визний зөрчил цөөн байгаа нь чухал нөлөө үзүүлжээ.