БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа

БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Зуут травел” компани хамтран тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах арга хэмжээ” хөтөлбөрийг зохион байгуулж БНХАУ-ын аялал жуулчлалын 100 компанийг урьж, дотоодын аялал жуулчлалын онцлогийг танилцууллаа. Гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахаар БНХАУ-ын  Бээжин, Шанхай, Сычуань, Хэбэй, Юньнан, Тяньжин, Гуанжоу зэрэг 18 мужийн 100 гаруй шилдэг аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид ирсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн (B2B) уулзалт”-ыг зохион байгуулав. Уулзалтад НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх  Г.Батсайхан, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Маркетинг сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Алтанзаяа, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр зэрэг албаныхан оролцлоо. Уулзалтыг нээж НИТХ-ын дарга А.Баяр “2024 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд бид худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж улмаар иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.  Хоёр орны ард түмний аялал жуулчлал, соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өмнөх онуудад мөн хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн зүгээс Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Цайны замын авто машинтай аялал, Соёлын өвийг сэргээх чиглэлээр Цайны замын хөшөөг Улаанбаатар хотод бүтээн байгуулсан. Түүнчлэн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ болон олон улсаас ирж оролцдог “Талын салхи” олон улсын мото фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалын нөөц хэрхэн өсөн нэмэгдэж байгааг онцлон харж, өөрсдийн ажлын шугамаар сурталчлан таниулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.

 

Уулзалтад Монголын талаас Хятад улс руу аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг дотоодын 15 компани болон БНХАУ-ын аялал жуулчлалын 100 компанийн төлөөлөл оролцож харилцан туршлага солилцов. Хятадын аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын компаниудтай хэрхэн хамтарч ажиллах боломжтой, групп аялал, гэр бүлийн аялал, ганцаарчилсан аялал, урт хугацааны аяллын ямар хөтөлбөрүүд байгаа талаар сонирхож мэдээлэл солилцов. Түүнчлэн БНХАУ-ын аялал жуулчлалын компаниудын төлөөллүүд Сүхбаатарын талбай, “Чингис хааны музей”, Гандантэгчэнлин хийдээр аялж, хот орчмын буюу Тэрэлж дэх хэд хэдэн аялал жуулчлалын цогцолбор газруудын үйл ажиллагаатай танилцаж, монголын өв соёлыг илтгэсэн жуулчдад зориулсан тоглолт зэргийг үзэж сонирхлоо. Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын аялал жуулчлалын компаниуд Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, Монгол руу чиглэсэн Хятадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА