Сүүлийн гурван жилд л гэхэд улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдлыг бүрттгэжээ. Зөвхөн өнгөрсөн жилд 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амиа алдсан гэх мэдээлэл байдаг.
Тэгвэл Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн албаны дарга асан С.Энхтөр зам талбайд замбараагүй хөглөрсөн мопедийг цэгцлэх талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:
Энүүхэн урд Хөх хотод түрээсийн мопед нь хамгаалах малгайтайгаа байдаг. Манайд байхгүй. Гэхдээ манайд хуулиндаа хамгаалах малгай өмсөж хөдөлгөөнд оролцохыг хатуу заасан байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 - р бүлгийн 13.2-т аж ахуйн нэгжийн үүргийг, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в - д Мопед унахдаа Хамгаалах малгай өмсөх талаар, хэрэв дээрх хуулийг зөрчвөл зөрчлийн тухай хууль, осол гэмтэл гарсаны улмаас жишээ нь хамгаалах малгай өмсөөгүйн улмаас тархи толгойны гэмтэл авбал аж ахуйн нэгж дээр асуудал үүсээд явна гэдгийг хэн хүнгүй мэдчих нь зүйтэй байх. Хүмүүс, хууль хяналтын байгууллагууд яагаад чимээгүй хараад яваад байна вэ? Дээр нь явган хүний зам дээрх эмх замбараагүй байдал. За би хэн нэгнийг буруутгаж бизнесд нь халдах гэсэн ямар ч санаа байхгүй шүү, зүгээр л эмх цэгцтэй байвал иргэдэд л хэрэгтэй юм гэдэг үүднээс цуврал постоо үргэлжлүүлээд байгаа юм.