Бермудын арлаас АНУ-ын Бостон хотыг чиглэн нисэж байсан эмнэлгийн зориулалттай тээврийн онгоц сураггүй болсны дараа онгоцонд зорчиж явсан зургаан хүн бүгд амиа алдсан байж болзошгүй гэж мэдэгджээ.
Тодруулбал, Канадын “Latitude Air Ambulance” компанийн үйл ажиллагаа эрхэлдэг “Heartbeat 104” нислэг Бермудын L.F. Wade олон улсын нисэх буудлаас Баасан гараг /2026.10.02/-ийн орой хөөрч, Бостоны Logan олон улсын нисэх буудалдгазардах төлөвлөгөөтэй байжээ.
Гэвч Бямба гараг /2026.10.03/-ийн өглөө орон нутгийн цагаар 01:00 цагийн орчимд Gulfstream G-100 онгоцтой холбоо тасарсан байна. Улмаар эрх баригчид Массачусетс мужийн Нантакет арлын эргээс холгүй онгоцны эд ангийн үлдэгдэл олжээ.
АНУ-ын Эргийн хамгаалалтын алба өчигдөр орой амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. “Latitude Air Ambulance” компанийн мэдээлснээр, онгоцонд багийн дөрвөн гишүүн, өвчтөн болон түүнийг дагалдан явсан гэр бүлийн нэг гишүүн, нийт зургаан хүн зорчиж байжээ. Тэдний дөрөв нь Канад, хоёр нь Бермудын иргэн байсан байна. Нислэгийн мэдээллээс үзэхэд онгоц холбоо тасрахаасаа өмнө ойролцоогоор 7300 метрийн өндрөөс 3300 метр хүртэл огцом доошилсон байна.
Мөн радио холбооны бичлэгээс нисгэгч болон нислэгийн удирдагчийн хооронд асуудал үүссэн нь тодорхой харагдаж байгаа бөгөөд нисгэгч онцгой байдал зарласан гэх мэдээлэл байна. Онгоцонд цахилгааны асуудал үүссэн байж болзошгүй талаар мөн мэдээлжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. “Latitude Air Ambulance” компани ослын нөхцөл байдал, шалтгааны талаар таамаг дэвшүүлэхгүй бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC