Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2024-2028 онд хийх бодлогын шинэчлэлийг танилцуулав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2024-2028 онд хийх бодлогын шинэчлэлийг танилцуулав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай өчигдөр уулзлаа.

Уулзалтаар  гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2024-2028 онд хийх бодлогын шинэчлэлээ танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг нь Хүний хөгжлийн бодлого юм. Энэ зорилтын хүрээнд ажилгүйдэл, ядуурлын түвшинг 50 хувиар бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэхээр зорьж байгаа аж. Үүнд Тэтгэврийн реформ, Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэрэг салбарын тулгуур хуулиудаа шинэчилж, УИХ-ын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Халамжийг зорилтот бүлэгтээ чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, их өгөгдөлд тулгуурласан мэдээллийн нэгдсэн сантай болж, нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой, үр дүнтэй хүргэх юм.

Элчин сайд нараас орон нутагт 0-2 насны хүүхэд харах үйлчилгээг сайжруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, гадаад улсад суралцаад Монгол Улсад ирэх иргэдээ дэмжихэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулжээ. Монгол Улсад асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх хэлбэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд хөрөнгө оруулж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллаж байна.