Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 5-нд хуралдсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар бүлгийн дарга, дэд дарга нарыг тодруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч уг асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ.
Тодруулбал, Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Үүнтэй холбогдуулан түүний оронд УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын нэрийг бүлгийн даргад дэвшүүлжээ. Гэвч өнөөдрийн бүлгийн хуралд таван гишүүн гадаад томилолт болон эмнэлгийн чөлөөний шалтгаанаар оролцоогүй байна. Иймд АН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэн шийдвэрлэхээр дүрэмд заасан гэх үндэслэлээр уг асуудлыг хойшлуулжээ.
Учир нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд бүх гишүүнээ хуралд оролцсоны дараа бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх шаардлага тавьсан байна.
Ингэснээр АН-ын бүлгийн дарга, дэд дарга нарыг тодруулах асуудлыг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэхээр болжээ. Сонирхуулахад, өнөөдрийн хуралдаанд оролцоогүй таван гишүүн нь бүлгийн даргад нэр дэвшсэн Х.Тэмүүжинг дэмжиж буй гишүүд байсан гэх мэдээлэл байна.