“Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг өнөөдөр /2025.05.25/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс танилцууллаа.
КОВИД-19 цар тахлын жилүүдийг эс тооцвол дэлхийн хүний хөгжлийн өсөлт 1990 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрснийг тус илтгэлд онцолжээ.
Илтгэлд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгох гурван тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд,
-
Хүн ба хиймэл оюуны хамтын ажиллагаанд суурилсан, харилцан үр өгөөжтэй эдийн засгийн загварыг хөгжүүлэх;
-
Хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээний бүхий л үе шатад хүний оролцоог нэмэгдүүлэх;
-
Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, 21-р зууны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх юм.
Монгол Улсын Хүний хөгжлийн индекс 1990 оноос хойш 26 хувиар өсч, 0.747-д хүрсэн ба өдгөө 193 улс орноос 104-т эрэмбэлэгдэж байна. 1990-2023 оны хооронд Монгол Улсад дундаж наслалт 12.9 жилээр, сургуульд суралцах хугацаа 3.5 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 0.93 жилээр тус тус нэмэгдсэн бол, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 148.4 хувиар өсчээ.
-ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫГ АШИГЛАН ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЯЛГААГ АРИЛГАХ ХӨГЖЛӨӨС ХЭНИЙГ Ч ҮЛДЭЭХГҮЙ БАЙХЫГ ЗОРЬЖ БАЙНА-
Тус арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин хот эсвэл хөдөө амьдарч байгаагаас хамаарч эрс тэс байна. Тухайлбал, 2022 онд хотод амьдарч буй 10 хүн тутмын 2 нь ядуу байсан бол хөдөөд 4 буюу 2 дахин их байна. Иймд, дэлхийн зарим орны сайн жишгийн дагуу их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, нийгмийн үйлчилгээг тэгш хүргэх, хөгжлөөс хэнийг ч үлдээхгүй байж тогтвортой хөгжлийг бий болгоно.
Мөн бүх нийтийн цахим болон хиймэл оюуны ур чадварыг дээшлүүлж, хот, хөдөөгийн дижитал хуваагдлыг бууруулахын тулд ЕБС-ын сурагчдаас сонгон “Үндэсний хэмжээнд хиймэл оюуны 1000 элч төлөөлөгч”-ийг бэлтгэн, тэдгээрээр дамжуулан хиймэл оюуны талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, өдөр тутмын амьдралд ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Эцэст нь хиймэл оюунд хандах хандлага нь олон нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг, мэдээлэл хамгаалах стандартыг чанд мөрддөг, хүний хувийн нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг хангахын зэрэгцээ найдвартай байдал, ёс зүйн хэм хэмжээ, үндсэн эрхийг хамгаалах нь чухал болоод байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-йг боловсруулж, дууссан бөгөөд Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна" гэдгийг онцлов.
-ХИЙМЭЛ ОЮУНЫ ПОТЕНЦИАЛЫГ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ АХИУЛАХАД ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-
Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюун нь зөвхөн технологийн асуудал биш, бидний үнэт зүйлс, зорилго, сонголтын тусгал юм. Хэрэв зүй зохистой ашиглаж чадвал энэ нь “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжих хурдасгуур хүч болж чадна. Иймээс бид хиймэл оюуны потенциалын талаар ярихаас илүүтэй, үүнийг хүний хөгжлийг ахиулахад хэрхэн чиглүүлж, ашиглаж болох талаар ярьж эхлэх хэрэгтэй байна” гэв.
Хүн төрөлхтөн, нийгэмд хиймэл оюуны үзүүлэх нөлөөлөл нь хиймэл оюуны чадамжаас бус бид үүнийг хэрхэн удирдахаас шалтгаална. Улс орнууд цахим шилжилтийг хэрэгжүүлж эхлээд буй энэ цаг үед илүү ухаалаг, хүртээмжтэй, даван туулах чадвартай нийгмийг цогцлоох ховор боломж бүрдээд байгааг Хүний хөгжлийн 2025 оны илтгэлд онцолжээ.